Monday, February 11, 2008

САР ШИНИЙН МЭНД ХҮРГЭЕ


Тулгуур нь бат Монгол гэрийн хойморт
Туждаа ерөөлийн гал бадарч
Энх мэндийн халуун дөл
Эгнэгт үүрд бадамласан
Сар шинийн мэнд хүргэе

Өөдөө заяат хаан амгалан тэнгэрийн дор
Өглөөг цайлах хатан шаргал нарны дор
Хотлыг баригч шороон хулгана жилээ
Хотлоороо сайхан угтав уу та нар минь

Мичид долоон эрхэс тооно өртөөлөн
Мэндийн дөрвөлжин өрх гурвалжин болох цагаар
Цагаан сүүгээ дээж болгон өргөөд
Тэнгэрийн тамгатай хадгаа настан буурлууддаан барьж
Сайхан шинэллээ, би

Эрдэнийн зүйлээр бөөлжжөд байдаг
Эрүү цагаан хулгана жил
Та нарт болон гэр бүлд тань
Ээл өгөөжөө хайрласан сайхан он байх болтугай

Сайхан шинэлээрэй Монголчууд аа :-)

ЧАМАЙГ ҮГҮЙД

Нарыг би аргамжчихсан юм шиг өдөр өнгөрөхгүй
Насан туршийн юм шиг санаа амрахгүй
Босоо гуниг хөлөглөн уйтай алхах юм даа
Бодлынхоо хүлгийг гүйцэхгүй мөлхөө явах юм даа

Чамайг үгүйд
Алсад дүнсийх саран бид хоёр ав адил аа
Аялгуу дууны эгшиг үг хоёр шал зөрүү
Шүлэг хүртэл чийг даасан навч шиг гундуу
Шүрэн улаан галын дэргэд тэрлэг хүртэл жиндүү

Чамайг үгүйд
Шувууд нь одсон үүр мэт гэр минь аниргүй
Саргүй шөнийн сүүдэр мэт би ч бас аниргүй
Хатуухан хэлэхэд арчаагаан алдах юм даа
Ходоод дүүрэн ч сэтгэл өлсгөлөнд нэрвэгдэх юм аа...

** *** *** ***
Чамтайгаан амьдрах гэж насыг би эдэлсэн юм шиг
Чамайгаан дуулах гэж найрагт би дурласан юм шиг
Чамдаа л туних гэж нулимс, инээд хоёртой учирсан юм шиг
Чамаар өөрийгөөн тэгшлэх гэж аливаад би дутуу юм шиг ээ...

ШҮЛГҮҮД...

ГУНИГГҮЙ АЯЗ

Сураггүй холдох он жилийг тоомсоргүйхэн үднэм
Сурсан зангаараа үсээн илбэж, хаврын бороонд норж
Суганаас нь түшин, хүүгээн хөлд оруулж
Сувдан үстэй ижийгээн өрөвдөн, шүлгээн бас бичнэм

Дараагийн буудалд аз жаргал намайг тосох юм шиг
Дандаа л яарч явахад өдөр хоногууд өнгөрч
Гар өргөн зогсох зөрлөг замын нэгэн дээр
Гарцаагүй намайг хүлээх аз жаргалд итгэнэм

Навчсаа гөвөх модод ахиад л цэцэглэж
Намайг хүлээх эцсийн буудал руу нас минь одно
Аливаа баяр гуниг, сэтгэл залуу хэвээрээ
Амьдрал зул мэт, би эрвээхэй мэт шатна аа...

ЧИНИЙ Л ЗҮГ
Нүцгэрсэн сэтгэл удаан тогтсонгүй
Нөмөр дулааныг хүссэндээ л чамайг би зорилоо
Хэнэггүйхэн харцаар итгэийг минь бүү хайраарай
Хэлэхгүй байсан ч сэтгэлийг минь чи уншаарай

Оройтлоо шүү хонгор минь
Омог хүсэл, тавилан минь царцлаа шүү
Амжиж чи гэрэл гэгээг өгөхгүй л юм бол
Алмай энэ орчлонд сүг сүүдэр л үлдлээ шүү

Зүрхэнд чинь намайг гэх зай бийд итгэнэм
Зүүдээ манан манасаар тэр л зүгт явлаа
Багт наадамд тоглох шиг хуурмаг амьдралаа орхиод
Байгаа энэ л төрхөөрөө чамайгаан би зорилоо

Бусдын тавиланд ээрэгдсэн хувь заяаг чинь сандаахгүй ч
Бурхнаас надад заяасан төөргөөн дагаад ирлээ шүү
Хэнэггүйхэн харцаар хайрыг минь бүү буцаагаарай
Хэлэхгүй байсан ч сэтгэлийг минь чи тогтоогоорой...

** *** ** ***
Найргийнх нь одтой галанд арц хаяж мөргөн
Нарлаг Монголдоо амьдрахуйн эрхи эргүүлэх гэж
Хувь заяаны бурхан тэнгэрээс
Хугацаагүй томилолтоор яваа юм би...