Wednesday, March 12, 2008

РАУШАН- ТАНХИЛ БҮСГҮЙ....

Одоогоос 10 жилийн өмнө тэртээх 1998 оны зун би дөнгөж 1-р курсээ төгсөөд дадлага хийхээр Баян- Өлгий аймгийн Хэвлэл мэдээллийн алба хэмээх байгууллагын үүд тогшин оров оо. Тэр өдрөөс хойш бүтэн сарын хугацаанд багагүй зүйлийг сурч мэдсэн бөгөөд энэ хугацаанд чимээгүйхэн уран бүтээлээ туурвичихаад бусад үед ямар нэг зүйлийг анзааран, чимээгүй суух нэгэн ахаас дараах бичлэг ирнэ гэж зүүдлээгүй явсан үе... Дадлагын хугацаа ч дуусав. Дараах захиа ч ирэв. Өнөө бодоход ихээхэн дурсамжтай агаад өөрийнхөө дүр төрхийг олж харах шиг болно. Нэрийг нь нууцлахыг хүссэнгүй. Хэнтий аймагт төрсөн гэх тэр ахыг Бакытбек гэх агаад ширвээ хурц сахалтай намхан туранхай залуу байсан санагддаг аа. Одоо хаана явааг бүү мэд. Надад зориулсан ийм бичлэг л үлдэж. Хүний амьдрал дурсамжаар баян, тэр нь хожим хойно сайхан сэтгэгдэл үлдээсээр байдаг хойно доо...

Ажил, амьдралын эцэс төгсгөлгүй мэт хөврөн заримдаа баярлуулж, заримдаа гомдоох уртаас урт замд миний сэтгэлийг санаандгүй уулзалтаараа, салж боломгүй ааш зангаараа өөртөө татаж, богинохон хугацаанд бат бэх холбоо тогтоож амжсан залуухан бүсгүйг Раушан гэж нэрлэвэл зохилтой. Энэ нь ариухан цэцгийн нэр, анхилуун тансагийн билэгдэл. Тэгээд ч миний энд өгүүлэх бүсгүй бол Раушан цэцгийг санагдуулам дулаахан, булбарай, зөөлөн билээ... Оршил хэсгийг энэ удаад товчилж хэлэх гэсэн гол санаагаа гаргахыг хичээе.
Хэвлэл мэдээллийн салбарт чамлахааргүй жил ажилласан, их бага ямар нэгэн хэмжээгээр туршлага дадлага олж авсан гэж үзээд итгэл хүлээлгэдэг, хүндэтгэдэг хүний тоо, тэр тусмаа бүсгүй хүний тоо нэгээр нэмэгдсэн, ялангуяа хамгийн ойр дотны минь хүн болж зүрхний гүнд хоногшсон тэр өдөр наадмын өмнөхөн юмсан. Боломжтой л бол хэнд ч тус дэм болж явахыг хичээдэг миний нүдэнд Раушан анх яаж өртлөө. Ямаршуу дүр төрхтэй байлаа? За бодъё байз.

А тийм..., цагаахан царайтай, богинохон тайрмал үстэй, нүдэндээ нарны хар шилтэй, үг дуу цөөтэй болов уу гэмээр байрын, нээх том аяны үүргэвчтэй /хожим нь түүнийгээ гоёлын зориулалттай гэж тайлбарлаж байсан/, нуруу туруу тэгш, алхаа гишгээ нь юм их бодож тунгаадаг, бичиг цаасны хүнийг санагдуулам байлаа. Хэд хоног өнгөрөв үү үгүй юу ижил дасал бололцоод ирмэгц миний таамаглал 95 хувь зөв байсанд хязгааргүй их баярлаж билээ. Андуу бодж дүгнэсэн нь юу вэ гэвэл үг дуу цөөнтэй бус яриа хөөрөөтэй, хөгжөөнтэй охин байлаа. Харин үе үе гаднаа ноомой дүнсгэр байдал гаргаснаа өөрөө мэддэггүй, нүүр царай нь илчилж өгдөг янзтай.
Ажил албаны аль эсхүл амин хувийн ямар ч захиа даалгавар өгсөн цаг тухайд нь чанартай сайн биелүүлэхийг хичээдэг нь сайшаалтай. Гэхдээ ...жаахан эрхлүүлж л суувал таарах, тэгэж байж санаж бодсоноосоо илүү зүйл хийлгэж, бүтээлгэж авах чадвар гагцхүү миний л цээжинд байгаа юм шиг... Ажигламтгай, юмыг тусгаж авахдаа сайн, их уншдаг, бага бичдэг онцлогтой юм. Бичиж зурах ажлаа залхууралгүй цааш үргэлжлүүлбэл их юм хийж бүтээх бололцоо, чадавх байна гэж бодном.

...Хэд хоног хол хөндий байвал би санаж ганцаардах, уйтгарлан гуних янзтай болдог ба шүлэг бичиж өөрийгөө тайтгаруулахыг эрмэлздэг. Ихэнхдээ тусыг олдоггүй гадаа гарч хэдэн цагаар суух эсхүл хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөөд хэвтээд авах хоёр замын нэгийг сонгоно. Бид одоохондоо нэг хотод байна. Цаашдаа холдож явлаа гэхэд зураг мураг нь байвал үзэж сэтгэл дэвтээх, эхүл захиа занаа бичилцэж байх биз...? Миний бодлоор аль аль нь ч утгагүй.........

........... Раушан ээждээ хайртай, ээждээ их эрхэлдэг хүн юм даа...... /үргэлжлэл бий.../

1998.08.22
К. Бакытбек

1 comment:

Гантулга said...

Ямар сонин захидал вээ? гэхдээ их сайхан юм.