Monday, December 31, 2007

2007.12.31

Яг одоо 2007 оны 12-р сарын 31-ний 22.20 цаг болж байна. Би интернэт кафед суунгаа алс холын Санктпетербургт сурдаг дүүтэйгээ сэтгэл зүрхнийхээ баяр гунигийг хуваалцан сууна. Гуравхан цагийн дараа шинэ он гарах нь.

2008 онд надад огт юм бичээгүй хуудас шиг шинэ цаасыг бэлэглэлээ. Энэ цаасан дээр өөрийнхөө хүссэн бүхнээ зурах эрхийг өглөө. Тийм ээ, би өнөөдөр идэр насны бүсгүй. Алс баруунд орших ээжийгээ санаж, амьдралын хатуу бэрхийг үзээгүй тоглон наадах дүү нараа талбай, Зайсан руу явуулчихаад, интернэтээр хань хийж, ирээдүйн хүсэл бодлоо дотор хүнтэйгээ хуваалцан суугаа эгэл нэгэн.

Их хүсэл минь тэртээд бий. Би заавал хүрнэ

Ирмүүн амжилт надад бий. Би заавал атгана

Дурсамжаа үзэглэнэм, дурлалаа сананам

Дуугүйхэн, нам гүмхэн шинэ оноо угтнам .....

Уудам тал нутагт минь уртын сайхан дууны аялгуу эгшиглэж, ухаант монгол зон минь эрүүл саруул жарган суугаа цагт би муу явж болохгүй. Муухай байж болохгүй. Цастын энгэрт цайлганаар инээх асан хүүхэд насаа санасансан уу, цагаахан сэтгэлт эмээгийнхээ их хайрыг дурссансан уу би нэг л гэгэлгэн...

Хийх зүйл өмнө минь үнэхээр их байна. Гэгэлзэнхэн, бас гэрэлтэнхэн энэ залуу насыг чимж, мөрөөдөнхөн бас мөдхөн бүтээнхэн энэ амьдралыг босгож явъя даа...

Wednesday, December 26, 2007

ЦАС БУДРААД Л...

Ажилласаар, нэг хартал цаг 3 болчихож. Цонхоор харлаа, цас будраад л....

Ялдам аашт сэтгэл булаагч охинтой байлаа
Яалт ч үгүй төрхөмд нь үлдээлээ
Ай хөөрхий амраг минь дээ
Ай чааваас амьдрал минь дээ...


Нэгэнтээ итгэж, нөхөрлөж асан зорилго ихт зориг муут анд минь месежээр ийн дуу алджээ. Газлуу барын аманд гараа хийхээс ч буцахгүй 25-хан насандаа сэтгэлт хүнтэйгээ учраад, хэсэг зуур жаргаад холдсон түүний минь гунигийг одоо хэн хуваалцаж буй бол оо?

Энэ цас...
Будран будран лавсаж бүлээн мэдрэмж төрүүлнэ
Бусдаас харамлам гэгээн үнэрийг илгээнэ
Бурхнаас нуусан совинт амрагийг санагдуулна
Буруу үйл хийгээгүй сайхан сэтгэлийг таална аа

Энэ л цас
Жавар тачигнуулан хүйтнээр хайрах хэдий ч
Жаргаж өнгөрүүлсэн халуун үдшийг бодном
Заяа заяагаан дагасан гунигт тавилангаа сөрж
Замын дунд сөхрөлгүй туучин туучин зүтгэнэм ээ...

Жаргал хийгээд зовлон ээлжлэн оршдогийм болохоороо жамт ертөнцийн амьдрал сонин байхаас яах билээ. Жатга хараалаас айсан, замын нэгнээс дайжсан, хүсэл зорилгоосоо ухарсан, хэнийг ч та бүү хайрла аа...

Бодолтой минь хамт намаржаад
Борогхон үдшээр болздог, Ханхүүтэй байлаа би
Тэнгэрийн заадсаар зам хийж
Тэртээ рүү явж одсон харуусалтай үлдлээ

Хайртай минь хамт хоноод
Халамжинд минь согтож жаргасан Хан-Уултай байлаа
Хамгийн сүүлчийн хундагаар ёс гүйцэтгэж
Ханатлаа ууж, дуулж, уярсан нулимстай үлдлээ

Гэнэ гэнэхэн санаа алдах хэдий ч
Гэрийн жавар үргээсэн Түшигтэй байлаа
Хийгээгүй гэмийн минь гэсгээл болгож
Хиртээгүй сэтгэлийн хөшөө босгосон шүлэгтэй үлдлээ

Цагаан өвлөөр зүүд эзгүйчилж
Ягаан уруул шимэн жаргасан Хүүтэй байлаа
Цавцайж хунгарлах мэт уйг орхиод
Яваад өглөө, тэр үдэш...

Өдийд эх нутгийн минь уулс тэр чигээрээ цавцайн цайгаад, сүрлэг алсаас хөмсөг зангидсан чигээрээ өмөөрөн ширтэж буй мэт сэтгэгдэл төрнө. Өвөл нь хүйтэн, өндөр нь дэндүү, өгөөмөр нь сайхан их Алтайн охинсон доо би. Улам өндөрт тэмүүлнэм...



... Халуун үнсэлт ялдам аальнаас чинь дэлбээлсэн цэцэгс
Хагдарч унаад тоос болохдоо зүрхийг минь дарсаан
Хаалга тогших чиний л уучлалыг нууцхан хүлээсээр
Хавар намрыг заагласан өвөл болж хөлдсөөн би

Зүүдэнд шивнэсэн нууцхан үгнээс тайлал хайж
Зүрхэндээ сийлсэн хагацлын шархандаа зовиур нэмсээн
Зөөлөн гуниг, санахын тавилангийн амтанд хөлчүүрхэж
Зөрлөг замын салж одсон харгуйгаар алхалсаан би

Нуугдаж уйлсан гомдол чинь
.....миний үхэлтэй тэнцүү
Нулимстай инээсэн дүр чинь
.....миний амьдралаас үнэтэй

Цаснаар гуниг бичлээ гэж та бүү зэмлээрэй. Тэр гунигаас сөрж боссон амьдрал минь улам өөдөө тэмүүлэн тэмүүлдэг билээ л...

Tuesday, December 25, 2007

БҮЖИГЛЭХ САЙХААН...

Энэ залуу Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан залуучуудын холбооны тэргүүн Дашдаваа. Тэрбээр СХД-ийн 2007 оны шилдэг улс төрчөөр шалгарсан бөгөөд 12-р сарын 22-нд буюу өнгөрсөн хагас сайнд болсон шинэ жилийн арга хэмжээний үеэр шагналаа гардаж авсан билээ.

Цаг ямагт үеийнхэнтэйгээ цуг байж, ажил амьдралын талбарт хамтдаа ихийг бүтээхийг зорьсон хүсэл эрмэлзлээ даган би ч бас дутахгүйсэн гээд өнгөрсөн намар болсон анхдугаар чуулганы үеэр өөрийгөө дэд тэргүүн болгохоор нэр дэвшүүлвээ :-) Ингээд л Дашдаваа бид хоёр бусад залуустайгаа хамтран Сонгинохайрхан дүүргийнхнийг манлайлахаар нэгдэн ажиллаж эхэлсэн.

Гарчгаасаа төөрөн олон үг нуршихын учир нь бид 22-ны ёоолкоор жигтэйхэн бүжиглэв. Уянгын аян дээр хүртэл румба ч юм уу хөнгөн хэмнэлт хөдөлгөөн хийсэн гэж байгаа. Үнэхээр хөгжилтэй... Тэр тийм сайн бүжиглэдэггүй боловч ямар ч байсан их эвсэлтэй юм билээ.

Эндээс хадуураад бас нэг юм хэлмээр санагдаад. Шинэ жилийн үдэшлэгүүд ямар болсон талаар сонин сайхнаасаа бичээрэй гээд месенжрийн 300-гаад найз шаардах юм. Та хэд эндээс ерөнхий мэдээлэл авчихаарай. Тус бүрт чинь зураг явуулах гэхээр дэндүү их цаг хугацаа орох юм аа
2007 оны 12-р сарын 15-нд буюу миний хувьд энэ жилийн хамгийн анхны ёолк. "Цахим Өртөө Холбоо" төрийн бус байгууллагын захирал Л. Лханаран бид хоёр энэ үдшийн үдэшлэгийг хөтөлж явуулсан юм. Дашрамд дурдахад энд өмссөн байгаа улаан плажийг би бараг 2 хоног шахам нойргүй сууж байж оёсон билээ. Тэрнээс хурдан оёх боломж байсан ч ажил амьдрал гэж зүтгэсээр яваа энэ олон жилийн хугацаанд ганц оёдлын машин ч өөртөө аваагүйгээс болсон хэрэг. Бүгдийг нь гараар оёх амаргүй байсан ч өөрөө урласан гэж бодохоор сайхан муухай болсон эсэхэд онц ач холбогдол өгсөнгүй ээ.
Сониноос Лха захирал бид хоёр "Дөрвөн улирал хоёр амраг" гэж дууг хамтран дуулсан юм. Гэтэл энд хүрэлцэн ирсэн хүмүүс та хоёр халтуур хийвэл зүгээр гэж санал болгодийм байна. Тиймээс халтуур хийлгэх байгууллага байвал бид хоёрт хэлээрэй хэ хэ хэ

Харин энд зогсож байгаа хүн бол Цахим өртөө холбооны хүндэт гишүүн Жамц. Тэрбээр үдэшлэгт нэлээн оройтож ирээд сэтгэгдлээ хэлж байгаа нь энэ. Ирсэн зочид нэлээн халж, би тэр салбаганасан урт плаажтай бүжиглэхэд саадтай байсан учир хувцсаа сольсон нь энэ.
Ер нь би боддог юм. Аливаа баяр ёслолыг ууж идэхдээ биш харин цэнгэн бүжиглэж, хамт олонтойгоо, найз нөхөдтэйгөө баясан хөгжилдөж өнгөрөөвөл илүү дурсамжтай юм болов уу гэж. Тийм ч учраас хэн нэгэн намайг магтаж муулахаас үл айн юу дуртайгаа хэлж, хийж байдаг...
За ингээд баяруд цаашаа үргэлжлэх шинжтэй. Сайхан залуу насыг үр бүтээлтэй, бас дурсамжтай өнгөрөөхсөн дөө. Дараа дараагийн ёолкны сонингоосоо блогтоо бичнэ ээ.

Залуу явахад юм бүхэн өнгөлөг
Зам дээр ургасан цэцэг хүртэл өнгөлөг өө...

Sunday, December 23, 2007

ЭМЭЭ БИД ХОЁР /2-р хэсэг/

Гурван зүгтээ сантай
Гурвалжин их Алтай
Гурван түмээрээ суухад
Жаргал ихтэй Алтай...
Эрдүүхэн, бас жаахан тасалданги дуу чихнээ нэг ойртож, нэг холдоно. Эвий муу эмээ минь ганцаардахдаа дуугаар хань хийдэг байж үү дээ. Жаргал ихтэй Алтайдаан жаран жилийг элээхдээ юу эсийг үзээ билээ. Хааяа халширч шантрахад минь - Миний үзсэн хэрийн зовлонгийн хумсны толион /толины/ чинээг үзээгүй байж юун ч амар бууж өгдөг юмб... гээд л зэмлэнэ. Үйл мэтгэж сур, хоол сайхан хий, ажилтай ч ааштай ч бай. Тэгвэл хаа ч явсан ахуй амьдралаа өөд нь татаад л явчихна... Заримдаа ийн ярихдаа галын ганц зээгийнхээ хувь заяаг мэдэж байсан ч юм шиг одоо санагдахийн.

Хөгжилтэй түүх
Эмээ 76-тай л байсан шиг. Нэг өдөр надад өөрийнхөө залуу насны тухай ярьж байна аа. Эмээ нь залуудаа хэр баргийн эрчүүдээс дутахгүй тэнхээтэй явлаа. Далын шуудайнд хийсэн ааруулыг хэвтээ тэмээн дээгүүр гаргаад шидчихдэг байлаа шүү дээ гээд ярьж байх зуур би үсгийг нь самнаж өгөнгөө сахилгагүйтмээр санагдаад цэнхэр өнгийн тууз байсныгаа цэцэглээд зангидчихав аа. Эмээгийн яриа ч дуусаж, үдийн саах боллоо. Хойд талд хэдэн казак айлууд хаяа залгаж зусдаг байсан юм. Олоон хүүхдүүдтэй. Тэдний хоёр нь хурга ишгээ гэрээс холдуулаад тууж одов. Би хонь ямаагаа холбох гэж эмээгээс түрүүлээд хотонд ирлээ. Дандаа л хөл нүцгэн явдаг болохоор хурдан гүйнэ ч гэж жигтэйхэн. Эмээг саваа бариад ирэх хүртэл аль хэдийнэ холбоогоо гүйцээчихсэн байлаа. Гэтэл... эмээгийн үсэнд тууз зангидсанаа гэнэт хараад...хэлье гэхнээ чадахгүй...малаа саахаар цугласан авгай хүүхнүүд энд тэнд татаж унатлаа хөхрөөд, аальгүй юм бэ гээд эмээ тэднийг загнаад... :-) Ямар ч л байсан тэр өдөр хотоор нэг хөхрөлдөөн болсон юмдаг. Удалгүй эмээгийн үеийн нэг хөгшин ирснээ - Чи одоо жаахан буруу зөнөөд байна уу, эсвэл мань хэдийгээ жаахан инээлгэмээр байсийм уу гэснээ наад үсэн дэх хүүхдийн тоглоом шиг юмаа авч хая гэдэг байгаа. Эмээ толгойндоо гараа хүргэснээ хачин уурлаад намайг дууддаг байгаа. Мэдээж хэрэг би зугтах нь ойлгомжтой. Эмээ маань тэгж айхтар үглэхгүй л дээ. Би тэр өдөржингөө гэртээ оролгүй өнжиж билээ. Орйо болж, үнээ саах үеэр яалт ч үгүй эмээд баригдав. Эмээгийн уур аль хэдийнэ гарсныг би яаж мэдэхэв. Духан дээр минь үнэрлэснээ эмээ маань: - Миний зэрэмгэр цагаан охин ганцаарддагшуу ухаантайм байх даа... Өдөртөө саахалтын хүүхдүүдтэй очиж тоглож бай за юу гэж билээ. /би ихэвчлэн гэртээ юм оёж, эсвэл эмээтэй цуг арьс элдэж, ааруул зүсэж, үгүй бол аргал түүгээд хээр ганцаараа дуулаад явдаг охин байсан.../

Яасан ч их санах юм бэ...

Намрын нэг үдэш би жигтэйхэн халуурав. Яг юу өвдөж байгаа нь мэдэгддэггүй. Айлуудын түрүүч намаржаандаа буусан боловч манайхаас алсдуу байлаа. Тэр үед гар утас гэж байх биш, ганцааранг минь хаяад айл руу явж болохгүй, хараад суугаад байж болохгүй, эмээ тэнд ёстой л нэг барайж байна аа. Эмээ бид хоёр хүн бүл муутай учраас өвөлжөөнийхөө жижигхэн байшинд 15 орчим км газар гэрээ барьж "намарждаг" юм. Хүйтрэхээр 2 дугуйтай том модон тэргээр хэдэн удаа зөөгөөд л болоо. Манайхаас баруун хойшоо 40 км яваад уулан дээр антенн байдаг, тэнд ажилладаг хүмүүстэй уулзаж чадвал сумын төвөөс юм уу аймгаас түргэн дуудах боломжтой байлаа. Халууны эм уусан ч намддаггүй ээ. дээр нь миний ямбалж байгаа гэж жигтэйхэн. Эмээ тэнд үглэж байна аа ..."Том хүн шиг санаад муу охиноо хайхрахгүй, намрын сэрүүнд хөл нүцгэн гүйлгээд. Би ч гэж би юм. Одоо яадагшуу юм билээ. Миний охин тэсээд байж байх уу. Эмээ нь антенны хүмүүс дээр очоод ирье. Юухан байхав. Замд унаа машин таарах байлгүй. /тэр үед бид хоёр морьгүй байлаа/ Ээжийн зэрэмгэр цагаан охин номоо хараад хэвтэж бай за юу гэж байна.
Би толгой дохилоо. Эмээ явахаар шийджээ. Нар жаргах дөхөж байв. Ойролцоогоор 8 цагийн үе л дээ. Хөлийг минь сайн хучиж өгөөд, орны минь хажууд сандал тавьж дээр нь хатуу ааруул, хярам хийж үлдээв. Би их ямбатай байсан. Зөөлөн ааруул иддэггүй, заавал шинэ тараг уудаг, өрөм идэхгүй голдог... Эмээ явлаа. Бүрий ч боллоо. Яагаад ч юм надад тэр үед эмээг чоно идчихвэл яана гэж бодогдоод зөндөө их уйлж билээ. Харин одоо бодоход эмээ 40 км газар яаж явган алхаж хүрэх байсан юм бол оо? Үрийнхээ төлөө гэсэн эхийн халуун сэтгэл тэр хүнийг тийм зоригтой болгож байж дээ зайлуул. Бид хоёрын аз болж замд унаа тааран, эмээ аймаг руу хэл дуулгаж, нэлээн шөнөөр ээж нөхөртэйгөө цуг эмч дагуулан ирж билээ...
Бид хамтдаа аймаг явсан. Би 7 хоног эмнэлэгт хэвтэж, залуу ээжээр гоё гоё хувцас, тоглоом авахуулж, эмээтэйгээ цуг аймгийн төвийн айл хэсэж чихэр цуглууж, жигтэйхэн баян хүн хөдөө гэртээ ирж билээ. Муу бор гэрийнхээ гадаа ирж машинаас буухдаа хөдөөгөө ямар их санаснаа мэдэрсэн. Эмээгийн чанасан шаргал цайны ааг аргалын утааны үнэртэй хамт сэтгэлд амтагдаж, эрх охины биеийг асуухаар ирсэн нутгийн эгч нарын урианхай аялга чихэнд уусаж, муу бор гэрийн минь унинд хавчуулсан хатуу хавтастай цагаан толгойн номын минь зурагнууд хүртэл намайг үгүйлсэн мэт санагдаж билээ.
Нутгаа, бага насаа, эмээгээ би ямар их санах юм бэ....

Friday, December 21, 2007

OЛНЫ ТАНИЛ ХҮМҮҮСТЭЙ -1

Миний мэргэжил сайхан юм аа. Олны танил хүмүүстэй уулзаж, ярилцаж, танилцаж байсан тухайгаа бичих хэрэгтэй санагдаад. Блогтоо 21-р зууны 27-той бүсгүй хэрхэн амьдарч аж төрж байсан тухай бичнэ гэж бодсоноо хэрэгжүүлж эхлэхээр шийдлээ.
Монголын суутнуудтай авахуулсан гэрэл зургийн маань цомог улам тэлэх биз ээ.
Өнгөрсөн намар төрийн соёрхолт, их найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй танилцах завшаан тохиолдсон маань энэ Гадаадад суугаа эх орноо гэх сэтгэлтэй олон монголчуудыг нэгтгэсэн "Цахим өртөө холбоо" хэмээх байгууллага их найрагч бид хоёрыг Хан Паласын энэ өргөөнд золгууллаа. Монголчуудын маань ажил амьдрал дээшлэн дэвжээсэй Хурай, хурай, хурай....

Thursday, December 20, 2007

ЭЭЖИЙГЭЭ САНААД Л...

Алган дээрээ бөмбөрүүлсэн
Айлын хооронд үүрсэн
Азай буурал ээжийгээ
Ачийг яаж хариулна даа

Энгэрийн гэнэн яргуй шиг
Эмзэг залуу насандаа
Өтлөнө гэдгийг санаад
Өрөвдөж явлуу ээжийгээ

Мөнхийн рашаан байдаг бол
Хаанаас ч гэсэн олох юмсан
Миний ээж настай хүн
Хайртай ээждээ өгөх юмсан

Өвсний толгой цайраад байна
Өвөл болсны шинж үү дээ
Өөрөө ч мэдэхгүй уйлах юм
Ижийгээ санасны шинж үү дээ

ДУРСАМЖ 2

Хэдэн сарын өмнө их царайлаг, бас нүдэнд дулаахан залуутай учирлаа. Түүнийг Б гэдэг. Бүүр ойртоод харах юм бол дэндүү гоё нүдтэй. Миний хүндэлдэг залуусын нэг. Хүн ер нь нэг л амьдрах насандаа амбицтай, түүнийхээ төлөө зүтгэх зөв зорилготой, зоригтой байх хэрэгтэй санагддаг. Б яг тийм.
Тэр мэргэжилдээ сайн, бас их зоригтой. Хүчирхэг. Яг цагаа тулахаар магтах үг гарч ирэхгүй юм. Ямар ч байсан би түүнд нэг хэсэг үхтлээ дурлаж байлаа. Олон сайхан шүлгийн мөрүүд сэтгэлээс урсан гарч, түүнийгээ би хэнээс ч нуудаггүй байлаа. Хүмүүс, хүмүүс ч гэж дээ найзууд маань түүнийг хараад яасан айхтар харгис харцтай юм бэ гэдэг. Гэтэл надад огт тийм биш.
Бид аялалд явж байгаад танилцсан л даа. Надаас нэлээд хэд дүү болохоор би эгчирхэхээс өөр арга байгаагүй юм. Харин сүүлдээ дажгүй андууд болцгоосон шүү. Утасны дугаараа солилцож, уулзаж, учирдаг байв аа. Түүнийгээ их нууна. Хэнээс ч нууж байгаа юм бүү мэд. Юутай ч тэр өдрүүдэд би өөрөө хүүхэд болчихсон юм шиг, эргээд 16 настай болчихсон шиг санагддаг байж билээ.

Тэнгэрт од гэрэлтэх өнгөлөгхөн шөнөөр
Тэргэл саран гийсэн сэрүүн хотыг нөмөрч
Алдрайхан түүнтэйгээ амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо

Дарсны сайхан нь алив ууя гэнэ
Далавчны цуцашгүй нь алив нисье гэнэ
Давшгүй бэрх нь алив туулъя гэнэ
Даанчиг уянгалаг нь алив дуулъя гэнэ

Зовлонгийн цагаан орчлонг ардаан би нууж
Зоргороо шүлэг шөнийг хувааж хүлхлээ бидэн хоёр
Зоосны хоёр тал шиг там диваажинд сэлгүүцэж
Зол баярын замбуулинг хөтлөлцөж туучлаа бидэн хоёр

Жавартай үдшийн салхийг ажсангүй, дулаахан байж дээ
Зайсан дахь сарны сэвхийг анзаарсангүй, дурлачихсан байж дээ
Залбирч нисдэг шувууны далавчийг анзаарсангүй, жаргалтай ч байж дээ
Зам зуурын үзүүр дэх учралаа аргадсангүй, омголон ч байж дээ

Үүлтэй тэнгэрийн хаяа ийм холсон бил үү
Үргэлжид чамайг мөрөөдөх үйлийг нь яалтай
Үлэмжийн нартай ертөнц ийм сэрүүхэн блүү
Үсэнд минь нэг хэсэг шингэсэн үнэрийг чинь яалтай

Тэнгэрт од гэрэлтэх өнгөлөгхөн шөнөөр
Тэргэл саран гийсэн сэрүүн хитыг нөмөрч
Алдрайхан түүнтэйгээ амраглаж хонолоо
Аялагхан сэтгэлд нь халууцаж хонолоо...

Чамдаан баярлаж явдаг шүү. Олон олон гунигийг, бас зөндөөн олон жаргалыг чамтай хуваалцсан өдөр хоногууддаа баярлаж явдаг шүү. Амжилт хүсье Б.
Би нэлээн зориг гаргаж байж түүнийг тэврэн зургаа авахуулж билээ. Дотроо их айж байлаа...

Зүсэр зүсэр бороог хүйтэн гээд яах вэ
Зүгээр эрхэлдэг амрагаа хүнийх гээд яах вэ?
Зүмбэр зүмбэр уулсаа холынх гээд яах вэ
Зөн совингийн амрагаа хүнийх гээд яах вэ?


Зүг зүгийн жаврыг сөрөхгүй гээд яах вэ
Зүйтэй жаахан амрагаа санахгүй гээд яах вэ
Зөрүү зөрүүхэн заяаг аргадахгүй гээд яах вэ
Зүрх сэтгэлийн амрагаа санахгүй гээд яах вэ?

Ай миний бурхнаас нуусан амраг минь...

ДУРСАМЖ 1

Хүн заавал хөгшрөхөөрөө дурсамжаа бичдэг гэсэн ойлголтыг эвдмээр санагдаад. Арван настай хүүхдэд ч гэсэн санаж дурсах зүйл байдагтай адил бүхэл бүтэн 27 жил насалчихаад байхад надад санаж, дурсах зүйл зөндөө л байна даг.
Би зохиолчдыг үнэхээр биширдэг. Ялангуяа дурсамжаа бичсэн зохиолч болон хүмүүсийг. Тэд он удаан жил насалчихаад амьдралд нь тохиолдож байсан бүхнийг мартахгүй санаж бичнэ гэдэг бол гайхамшиг. Гэтэл би 5 жилийн өмнөх бүх сайхан болоод муухай зүйлээ саная гэтэл ихэнхийг нь мартчихаж....
Ямартаа ч миний бодсон санасан бүр, уулзаж учирсан болгон, бичсэн сонссон уншсан бүхэн байгаа чигээрээ энд үлдээсэй гэж бодож байна. 21-р зуунд алдаж онон амьдарч яваа идэр залуухан бүсгүй юуг хүсэж мөрөөдөж байсныг хэдэн арав, хэдэн зуун жилийн дараа үеийнхэн маань уншиг л дээ. Яагаад болохгүй гэж. Мэдээж үзэл бодол минь нээлттэй, үг санаа минь хурц шулуухан болохоор надтай санал нийлэхгүй, бичлэгийг минь уншаад элдэв янзаар ойлгох хүмүүс зөндөө л гарна байх. Тэр тусмаа сонирхолтой санагдаж байна.
Хэдэн жилийн өмнөхөөс би их өөрчлөгджээ. Арга ч үгүй байх л даа. Юугаа ч мэдэхгүй хөдөөний бор охин ирчихээд хотын их соёлд /шоконд/ автахдаа нэг хэсэгтээ уймарсан. Гэтэл одоо намайг хэн хөдөөнийх гэх юм бэ? Та хар л даа. Хүн гадаад төрхөөрөө ингэж их өөрчлөгддөгийн адилаар жил бүр л бодол санаа нь тэлж, амьдралынх нь хэв маяг шинэчлэгдсээр байдаг бололтой.
Нутгаан их санана аа би. Буйд хөдөөгийн аниргүйд бодлоон чагнасхийж суух, үүрийн цагаан гэгээнээр хөл нүцгэн алхсаар голын эрэг дээр очиж урсгал харан санаашрах, эмээ үнээндээ гарсан хойгуур тавиуран доогуурх төмпөнтэй тарваганы махнаас хэд огтолж идчихээд орондоо орж даавуугаа балиартуулж зэмлүүлэх хийгээд хээр талын уудамд аргал түүн болсон болоогүй шүлэг үглэнхэн аяланхан явахын жаргалыг та мэднэ гэж үү.
Улаанбаатараа бас санана аа. Сэтгүүлч мэргэжилтэй хүн утас сүлжээгүй, зурагт гарахгүй, сонин очихгүй хөдөөд сар гаруй болоход их хотын минь дуу чимээ, интернэтээр аялахын сайхан, диско клубын хэмнэлт аялгуу санагдаад...
...Бодоод байх нь ээ би их азтай юм. Хотын ч хөдөөгийн ч амьдрал мэддэг. Аль алинтай нь дасан зохицож чаддаг. Хотод төрсөн залуус хөдөөгийн сайхныг үл мэдрэх, хөдөө өссөнүүд нь хотын соёлд балмагдах тийм айдас надад үгүй учир би азтай бүсгүй юм байна.
Хүн эргээд бодоход хийсэн үйлтэй, хэлсэн үгтэй, дуурсагдах алдартай, дурлалт хүмүүстэй байх нь чухал гэдэгт би итгэдэг байлаа. Одоо ч итгэсээр. Гэхдээ заримдаа жаахан эргэлздэг тал бий. Ялангуяа амьдралын хүнд ачаан дундуур бүхнийг болгож бүтээх гээд бор зүрхээрээ зүтгэсээр атал ажил үйлс маань бүтэлгүйтэх өдөр гармагц би хичнээн их шантардаг гээч. Ийм үед л би тэвчээрийн шангаа алдахгүйсэн гэсэндээ тэнгэрлэг мөрүүдийг хэлхэж, энэ амьдралд сөхрөхгүйсэн гэхдээ эргээд ард үлдсэн үйлдлүүдээ цэгнэн аждаг аа.
Хамгийн гайхамшигтай нь надад маш олон найз нөхөд байна. Нэг өдөр би бүр тоолж үзлээ. Өлхөөн 100 хүрчихэж байна. Бас намайг олйгодог, дэмждэг, итгэдэг ажлын хамт олон байна. Цахим өртөөнийхөн гэж гайхалтай хүмүүс бий дээ. Батаа ах, Базраа эгч, Анулан,Батдулам, Саруул... Заримдаа тэд миний аав ээж ч юм шиг... Энэ хүмүүсийн талаар би заавал хөрөг бичнэ ээ.
Амьдрал сайхан юм аа...

НАЙЗ БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ТУХАЙ II

Надад найз бүсгүйчүүд олон бий. Өмнө нь Анулан, Саруултуяа хоёрынхоо тухай бичсэн. Үргэлжлүүлье. Та нарт танилцуулах гэж байгаа дараагийн хоёр найз маань Батдулам, мөн Нямбаяр.

Батдулам. Харсан хүн дуу алдан дурламаар талимаарсан алаг нүдтэй сайхан бүсгүй. Их гоё бүжиглэдэг. Гутарч гунидаг болов уу гэмээр сайхан инээмсэглэдэг. Бид найзлаад хоёр жил болж байна. Ядарч зовсон үед, яарч бачимдсан мөчид тэр нэг их сайхан инээмсэглээд - Юу болчоов дээ, алив. Хоёулаа сайхан хоолонд орох уу, эсвэл гоё дискодох уу. Найз нь яах уу... гээд л. Надад хүн санаа тавьж байгаа гэж бодохоор нөгөө гутарсан хүн чинь юу байхав дороо сэргээд л ирнэ.
Баагийн ямар гоё дуулдаг гээч? Тэр хүчтэй хоолойтой. Би өөрийнхөө муу найз болохыг харуулсан жишээ яръя л даа. Найз залуутай байв аа. Нэг өдөр Баагийгаараа гайхуулах санаатай танилцуулав. Тэр залуу маань надтай олон жил найзлахдаа ямар ч эмэгтэйг харж дуу алдаж байсан удаа үгүй болохоор би хэрэндээ их додигор явдаг байлаа. Гэтэл найз залуу маань гэртээ ирчихээд: - Хүүеэ, Баагий нээрээ ямар сайхан бүсгүй вэ? Тэр нүд, хөмсөг, уруул, инээмсэглэл... Гайхалтай... гэж дуу алдаж билээ. Би ч яахав, тэнэг хүн юм болохоороо би сайн найзтайгаа мэдрүүлэх гэсэн болохоос сайхныг нь хараад гайх гэсиймуу гэх маягтай үг хаяад дуугаа хурааж билээ. Үнэнийг хаана нуух билээ... Тийм л гайхалтай бүсгүй дээ миний Батдулам найз.
Бас нэг сонин баримт. Яг энэ хэсгийг уншаад чи битгий уурлаарай Баагий? Баагий маань машиныг гайхалтай сайн жолоодно. Тэгсэн атлаа одоо хүртэл жолоонд сууж үзээгүй гэж байгаа. Авъяас гэж энэ дээ.
Харин энэ зураг бол бид хоёр ёолкоор хамт байгаа нь. Би жаахан намхан юм болохоороо Баагийгаа суулгаж байгаад авахуулсан. Бараг чацуу харагдаж байгаа биз. Тэгэхээр хүмүүс намаг Баагий шиг өндөр хүүхэн байна гэж бодно гэсэн үг... хэ хэ хэ хэ

Нямбаяр. Даруухан атлаа бүтээлч нэг найзтай хүн дээ би. Түүнийг Нямбаяр гэнэ. Гайхалтай бичнэ. Зураг зурна, фото бас авна. Жигтэйхэн мэдрэмжтэй. Бид хоёрыг хараад хүмүүс яаж таарч нөхөрлөдөг байна гаа гэмээр эрс тэс зантай хоёр. Нямаа маань сэтгэлийн хөдөлгөөн багатай, аливаад ул суурьтай, нүдээрээ нэг их хөөрхөн инээмсэглэчихээд цааана зөндөө ажил амжуулчихсан байдаг. Их үнэнч, ажлыг хулхидна гэж харин ч нэг байхгүй дээ.
Би л болсон хойно сэтгэлийн хөдөлгөөндөө автаад дурлачихсан, эсвэл жаахан гуничихсан яваад очно доо Нямаа руу. Тэр тайван гэгч нь нэг хараад сайхан цай хийж өгөөд миний ярихыг эхлээд сонсоно. Би ч хамаг байдгаа гаргаж аваад Нямааг юу хэлэх бол гээд харахад тэр - За одоо тайвширчихсан биз дээ гэнэ. Надад хэлэх үг олдохгүй байгаа юм чинь.... хэ хэ хэ
Энэ зургийг бид хоёр зун Тэрэлж явах замдаа авахуулсийн. Хоёулаа замд таарсан агуйд орж үзээд. Халуун өдөр хүйтэн агуйд гэнэт орох ч эвгүй юм билээ шүү. Би өөрийгөө бодоод хүн амьтнаас зуурсан шиг явж байхад мань хүн аппаратаа барьчихсан зураг дарж явна. Ийм шургуу зан миний найзад өдөр бүр амжилт авчирж байдаг юм даа.

Эмээ бид хоёр...


Энэ зурган дээрх хөөрхөн охин бол би. Эмээтэйгээ хоёулаа байгаа нь. Саяхан цомгоо үзэж байтал гарч ирэхээр нь сонин санагдаад, бас бага насаа санаж өөрийнхөө зурганд хайр хүрч байгаа гэж жигтэйхэн

Зургаан настай байсан. Эмээ бид хоёр бүүр хөдөө бригадын төв дээр мал маллаж амьдардаг байсан агаад өвөлдөө хоёулаа аймгийн төв орж ирээд байгаа царай нь энэ. Байшинд бөгчимдөөд эмээгээ бушуухан хөдөө гэртээ харъя гэж "шаналгадаг" байж билээ.

Ямар ч жаргалтай байсан юм бэ дээ, одоо бодоход... Ээж маань хань татаад намайг авч үлдэх гэдэг боловч түүнийг ажилдаа явсан хойгуур хоосон байранд цоожлуулж үлдэхээс зугтаад огт зөвшөөрдөггүй байж билээ.

Миний эмээ дууч хүн байсан
Би мөн л зургаан настай байсан юмдаг. Нэг өдөр айлын хуриманд эмээ маань уригдав аа. Мал хуйгаа харах хүнгүй байсан учраас би яалт ч үгүй үлдлээ. Шөнө боллоо. Би айж байсан боловч угийн гүргэр зангаараа лаагаа асаагаад, галдаа аргал өрдөөд, аймгийн төвөөс ээжийн явуулсан, морь унасан хоёр хүүхдийн зурагтай, хатуу хавтастай номоо үсэглэж, зургийг нь харж сатаарч суулаа. Цаг нэлээн оройтсон байх. Алсаас уртын дуу аялсан эршүүд хоолой морин төвөргөөний хамт сонсогдож, удалгүй эмээ гадаа ирэв. Тэр үед эмээ маань 70 гаруй настай, тэнхлүүн хөгшин байлаа. - Миний шар охион? Эмээгээ буулгаарай... Би баярлан гарахдаа гутлаа өмсөхөө мартжээ. Зуны шөнийн чийглэг зүлгэн дээр хөл нүцгэн гишгэх тэр мэдрэмжийг та ямар гэж санана. Бас эмээгээ хараад баярлан хөөрсөн, санаа зовохоосоо илүү чихэр горьдсон тэр харцыг та бүүр таашгүй. Эмээ нэлээн халжээ.
... Гэртээ орж ирлээ. Нээрээ зөндөө гоё чихэр авчирсан байлаа. Би эмээдээ хийсэн хоолоо гаргаж халаах гэтэл : - Ишш, миний охин тусад оржээ. Сүрхий хүүхэн шүү. Ажилтай, ухаантай сайн хүн болно доо. Тэр үед миний зэрэмгэр цагаан охиныг хүмүүс яасан их хүндлэх бол... гээд, би түүнд нь онгирч байгаа гэж жигтэйхэн. Тэр зураглалыг хальснаа буулгаж үлдээсэн бол ямар их хайр энэрэл, бас ямар их өнчрөл хагацал, бас ямар их хатуужил тэвчээрийг хадгалж үлдэх байсан бол.... Эмээ надад тэр орой урианхайн богино уртын дуу зааж өглөө

Харуул Алтайн ус нь
Хадыгаа дагаж урсана
Хан буурал аавм /аав минь/
Манийгаа гэгожэ суунаа л /Намайг гэсээр сууна л /....
Богинохон атлаа эрс тэс шуранхайлсан энэ дууг би нутгаа санахаараа, эмээгээ санахаараа аялдаг юм. Аялахын учир би хотын байшин дунд байгаадаа тэр. Хаашаа ч харсан хэдэн байшин, утаан хөшгөн дунд чанга дуулах аваас миний урианхайн их шуранхай уусан одох мэт харам төрнө... Тэрнээс биш чанга дуулалгүй яахав.

Миний эмээ үйлч байлаа
Их сайхан оёно доо эмээ маань. Түүний ач тус нь хэдхэн хоногийн өмнө хүртэл гарав. Би энэ жилийн шинэ жилээр үдэшлэгт өмсөх плажаа өөрөө оёсон юм. Интернэтээс плажны загвар харлаа. Оллоо. Өөрөө эсгэлээ. Ажил зөндөө их байсан ч 2 өдөр шөнө нойргүй шахам байж оёлоо. Оёдлын машинтай байсан бол арай л эрт дуусах... Бүгдийг нь гараар оёсон. Ямар таашаалтай байв аа. Эмээгээ бодон бодон учиг сүвлэн суухдаа өвлийн шөнө миний хажууд дэнгийн гэрэлд гутлын минь ханзархайг нөхөн суусан, ажилд эвэршсэн хатуухан, бахим хуруунууд харагдах шиг... гэгэлзэн гэгэлзэн уйлан уйлан суулаа. Ямар ч сайхан байжив дээ, тэгэхэд...

Эмээгээс үлдсэн бодол...
Эмээ мундаг аа. Өвдөнө гэж байхгүй. Ная насалж, бурхны оронд одох хүртлээ нэг ч шүд нь унаагүй тийм сайхан хүн байж билээ. Үеийнх нь хөгшчүүл юм идэхдээ амаа муруйлган хачин жигтэй улаан буйл гаргахад, эсвэл ёрдойсон 2-3 шүд гарган хооллоход би татаж унатлаа хөхрөөд эмээд загнуулдаг байж билээ. Надад шүдгүй хөгшүүл үнэхээр элэг хөшөөм харагддаг байсан. Яагаад гэвэл миний эмээ хөгшин мөртлөө бүтэн шүдтэй учраас тэр шүү дээ.

Сургуульд сураагүй мөртлөө орос хэлтэй гэж байгаа. Үгийн язгуур, өгүүлбэрийнх нь бүтэц зохион байгуулалт нь зөв атлаа хэлэхдээ жаахан хазгай ярина. Тэрнийг нь би их шоолно оо. Өөдөөс эмээ маань - Би та нар шиг ингэж заалгаж сурсан бол лав Ерөнхий сайд болчихсон байхгүй юу гэж хошигноно. Сүүлд Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш нэг удаа эмээ- Би өдийд ядаж 60 настай байсан бол бизнес гэж юу байдгийг энэ нутгийнханд нэг харуулахсан ..гэж шүүрс алдаж билээ. Эмээ тэгэхэд 80 дөхчихсөн байлаа.

Сэтгэлийн хатан тэвчээр гэж чухам эмээд маань байлаа. Алтан хэвлийгээсээ 11 хүүхэд гаргасан гэдэг. Амьд сэрүүн байгаа нь 5, үлдсэн нь бурхан болсны нэгээс бусад нь хүү байжээ. Өвөө маань тэр үеийн сэхээтэн байсан, ажил алба гэж их явдаг байсан учраас ар гэрийн бүхий л ажлыг эмээ амжуулна. Ажил хийхдээ дуртай гэж жигтэйхэн. Яг энэ чанарыг нь би өвлөсөн юм шиг байгаам. Ямар ч хэцүү ажлыг дуртай, сонирхолтой болгож хийхийг хүсдэг. Ингэсэн тохиолдолд тэр ажлын цаана гарах юу ч биш санагддаг аа

Эмээд маань хийж чадахгүй, хэлж мэдэхгүй ажил, үг гэж байхгүй дээ. Жигтэйхэн цэцэн цэлмэг, бас их эрэмгий зоригтой хүн байсан. Орчин тойрныхондоо их нөлөөтэй. Хөдөөний хүн атлаа цаг үеэсээ хоцрохгүй. Хоёрхон жишээ авъя л даа.
- 1988 он. Эмээгийн толгой наранд их халдаг, би өдөрт хэд хэдэн удаа шанагаар булгийн хүйтэн ус хийж өгдөг байлаа. гадаа сууж ааруул хийхдээ, арьс элдэхдээ, бас айл хэсэхдээ эмээ байнга шүхэр /зонтик/ барина. Цэнхэр өнгөтэй, жижигхэн жижигхэн цэцэгтэй нарны шүхэр их гоё харагддаг байж билээ. Хөдөөний зарим нэг хэрэгт дуртай авгай нар эмээг маань битүүхэн шоолдог байсныг би санаж байна. Нэг удаа ичээд эмээгээс та хөгшин хүн байж зонтик битгий барь аа гэхэд эмээ - Үүнийг чинь гоёх гэж биш эрүүл мэндээ хамгаалах гэж хэрэглэдэг юм шүү дээ гэж билээ.

- Хөдөөний хөгшид зуны халуунд ч тэрлэгтэй байдагсан. Харин эмээ болохоор өөрөтө гоё плаж хийж өмсөнө, бас болоогүй сийрсэн сандаалаар гоёно. Дал гарчихсан, дээлтэй хэдэн хөгшчүүлийн дунд эмээ тавин хэдтэй юм шиг залуухан харагддаг байж билээ. Тэд цайнд ааруул дэвтээн идэж байхад эмээ хажууд нь өөхтэй мах алаглуулан хөшиглөсөн шигээ.... инээж хуучлаад л... Үнэн тэнгэрлэг харагдана даа...

Яриад байвал тоймгүй... Үргэлжлүүлж бичнэ ээ.
Нэг л зүйлийг боддог юм. Би эмээгийн насан дээр тийм байж чадах болов уу гэж. Гэхдээ би саак эмээ болно оо... Яагаад гэвэл тийм мундаг эмээгийн охин муу явж болохгүй...
/сэтгэл сэмрээд, уйлмаар.../

НАЙЗ БҮСГҮЙЧҮҮДИЙНХЭЭ ТУХАЙ

Анулан бол надтай цуг ажилладаг миний сайн найзуудын нэг. Хэдийгээр бид хүмүүс шиг он удаан жил нөхөрлөөгүй ч би түүнийг хамгийн сайн найз аа гэж боддог. Найзууд байхын утга учир бол нэгнийгээ их сайн ойлгодог, бас итгэдэг, хэзээ ч ямар ч сайн болоод муу үйл тохиолдоход нэг зангаараа байж чаддаг тэр чанарыг агуулсанд байдаг юм болов уу гэж боддог юм.

Бас миний нэг бахархдаг зүйл бол найзууд маань бүгдээрээ их гоё нүдтэй, гоё биетэй, чадварлаг хүмүүс байдаг. Ануланг та нар хараарай. Хөөрхөн охин шүү. Янз бүрийн ааш араншин гаргах бүрт минь инээмсэглэж, ямар нэгэн зүйл хэлэхгүйгээр - Чамайг ойлгож байгаа шүү ... гэдгээ илэрхийлж чаддаг нь гайхалтай. Чи шүү Анулаан! Хорвоогийн олон өдрүүдийг, олон саруудыг, олон жилүүдэд нөхөрлөсөөр байх болно гэдэгтээ итгэлтэй байгаа. Тэрний хийж өгсөн кофе үнэхээр гоё амттай. Манай захирал бүр Анулангийн кофег санадаг гэж байгаам чинь хэ хэ хэ. Өчигдөр гэхэд л Face-д болсон Монстуднетийн 10 жилийн шоун дээр надад хань болоод бүжгийн талбай дээр хөлөө чилтэл зогссон байх. Сүүлийн үед фото зураг их сайн авч сурч байгаа. Надад дандаа урам хайрладагт чинь чин сэтгэлээсээ талархсаар явдаг юм...

Саруул. Тэр бол үнэхээр мундаг бүсгүй. Ажил мэргэжилдээ гаргуун, ааш зангаар тэргүүн, алдар хүндээр дориун, а харин бүжиглэхдээ надтай ханилуун... хэ хэ хэ Би түүнд сэтгэлээ уудлан ярьчихаад нэг сайхан тайвшрах шиг болдог юм. Бас дискодох үед тэр нээрээ үнэн урамтай. Яг өөрийнхөөрөө байж чаддаг... хөгжилтэй... Чи шүү Саруул аа. Орчлонгийн сайн болоод саар олон мөчүүдийг хамтдаа даван туулна аа.

Бид ноднин нэг заал авсийн. Манай Саруул чинь сагс тоглохдоо мундаг. Бас аяллаар явахдаа баргийн эр хүнээс дутахгүй хүчтэй, зоригтой гэж байгаа. Үзэл бодол нь нээлттэй, санаснаа шулуухан хэлчихдэг, элдэв нялуун занд дургүй болохоор харьцахад хичнээн амар гээч. Харин энэ зураг бол төв аймгийн Алтанбулагт авахуулсан зураг. Тэгэхэд ёстой сайхан амарсан. Бид дээсний тэмцээнд орсон. Нэлээн атаман шинжтэй гарсан байгааз? хэ хэ хэ.

Өө нээрээ, Саруул саяхан Франц яваад ирэхдээ надад их гоё сэтгүүлүүд авчирж өгсөн. Ямар их баярласан гээ. Хүчирхэг найз минь хүй орчлонг улам баяр баясгалангаар чимж яваарай.

Ер нь бодоод байсан чинь би их олон найзтай юм байна. Эхлээд Анулан, Саруул хоёрынхоо тухай биччихлээ. Үргэлжлүүлнэ ээ. Миний найз охидын тухай мэдмээр байвал блогт маань морилж байгаарай...

Wednesday, December 19, 2007

МОНСТУДНЕТ-ИЙН 10 ЖИЛИЙН ОЙ

2007 оны 12-р сарын 19-нд Монголын анхны вэб сайт болох Монстуднет-ийн 10 жилийн ой Face диско клубт сайхан болж өнгөрлөө. Энэ үеэр мэдээллийн технологийн анхдагчууд болох олон дизайнер, програмистууд дурсгалын зүйл гардан авцгааж, өнгөрсөн 10 жилийн хугацаанд тус сайтын чатанд ямар нэрээр ордог байсан, хөгжилтэй түүх, дурсамжаа ярьцгааж нэгэн оройг мартагдашгүй сайхан өнгөрүүлж байлаа.
Монстуднетээс төрж гарсан гэр бүл тоймгүй олныг Сансар дарга дурсаж, Нисванис хамтлагийн бүх цомог энэ сүлжээний хүчинд бүтсэн, "Татар" хамтлаг монстуднетийн чатанд танилцаж анх хамтлагаа байгуулж байсан, хамгийн сүүлийн гэр бүл 2 жилийн өмнө гэрлэцгээсэн бөгөөд сайхан хүүхэдтэй болсон тухай олон сонирхолтой түүхийг ярьцгааж байлаа.

Ойн арга хэмжээнд Старфиш, Лемонс, Нисванис, Шөнийн галт тэрэг хамтлагууд хүрэлцэн ирж амьд тоглолт хийсэн нь юу юунаас илүү хүчтэй сэтгэгдэл төрүүлж, уур амьсгалыг доргио болгож байв. Гонж өмсөж, зангиа зүүсэн ажил хэрэгч хувцастай залуус маань рок аянд толгой хаялан бүжиглэж, нүргээнт чимээнд хашгиран орилж, байгаагаараа баярласан нь сэтгэгдэл төрүүллээ.
Оллоо.МН-ийг хөл дээр нь босгосон Энхбаатар, монголын бүх сонинуудыг анх интернэтэд оруулах үйлсийн эхлэлийг тавьсан МонголМедиа-гийн Мөнхбат сэтгэгдлээ хэлж, Монстуднетийн энгэрт анх боожсон Цахим Өртөө холбооныхон сэтгэлийн бэлгээ гардуулж, Хэнтий аймгийн нутгийн зөвлөн Сансар даргад "Авъяас" медаль гардуулж, Датаком компани интернэтийн анхдагч болохынхоо хувьд хүндэт өргөмжлөл гардан авч....олон олон сюрпризээр дүүрэн үдэш байлаа....
Улаан таван хошууг энгэр дээр нь наасан тас хар футболкийг бэлгэнд өгч байсан нь хүмүүст таалагдав...
За ингээд үлдсэнийг фото зургаар мэдээлье

Старфиш хамтлагийн дуунууд их таалагдлаа
Манай удирдах зөвлөлийн гишүүд болох Байка, Сайнаа, цаана нь захирал Лханаран...
Энэ бол би... Миний хажууд Цахим өртөө холбооны захирал Лханаран, Ориго.МН-ийн Оршихоо нар байна
Эхний зураг дээр Саруул найз маань байна. Датакомын Саруул гэдгээр мэдээллийн технологийнхон андахгүй дээ. Зөндөө их ажил хийсэн бүтээлч, чадварлаг бас цоглог бүсгүй байгаа юм. Харин энэ үг хэлж буй залуу бол www.blogmn.net-ийн удирдагч залуу.

За энэ бол Саруул, Оллоо-гийн Энхбаатар хоёр. Монголын мэдээллийн технологийн акулууд ийм залуухан байгаа нь бахархууштай...












Манай гишүүдийн дунд МХХТГ-ын дарга Сансар суусан харагдана.
Мөн Галсансүх найрагч, Нисванис-ын Амгаа нар энэ оройг бидэнтэй цуг өнгөрөөлөө



Friday, December 14, 2007

АЗ ЖАРГАЛ, МӨНГӨ, МӨНГИЙГ ҮРЭХ ТУХАЙД...

Питер Сингер / Принстоны ИС-ийн Биоэтикийн профессор/

Хэрэв та илүү чинээлэг байсан сан бол илүү аз жаргалтай байх сан уу? Олон хүн тийм гэж хариулах биз ээ. Гэтэл олон жилийн судалгаанаас үзвэл хөрөнгө чинээний хэмжээ орлогын доогуур төвшинд л илүү аз жаргал авчирдаг аж. Жишээ нь, жирийн америк хүн Шинэ Зеландчуудыг бодвол илүү хангалуун амьдралтай боловч илүү аз жаргалтай биш аж. Австри, Франц, Япон, Германд хүмүүс нь Бразиль, Колумби, Филлиппин зэрэг ядуу орны хүмүүсийг бодвол мөн л илүү аз жаргалтай биш байна. Өөр өөр соёлтой улс орныг хооронд нь харьцуулах нь төвөгтэй ч байдлыг нэг улсын дотор авч үзэхэд орлогын илт доогуур төвшин (тухайлвал, АНУ-д жилийн орлого 12000 америк доллараас доогуур)-г эс тооцвол төстэй дүр зураг харагдаж байна. Орлогын доод хэмжээнээс хэтэрсэн нөхцөлд орлогын өсөлт хүмүүсийн аз жаргалтай байдалд төдийлөн өөрчлөлт авчирдааггүй байна. Америкчууд 1950-аад оны үеийг бодвол чинээлэгжсэн боловч илүү аз жаргалтай болсонгүй. Өнөөдөр жилийн 50-90 мянган долларын дундаж орлоготой америкчууд жилийн 90 мянгаас дээш орлоготой чинээлэг америкчуудтай бараг ижил хэмжээний аз жаргал эдэлдэг аж. Аз жаргалын талаархи судалгаа хүмүүсийн ахуй амьдралдаа аль хэр сэтгэл хангалуун байдгийг сонирхдог ажээ.

Гэтэл ийм маягийн судалгааны үр дүнд итгэл, үнэмшилтэй хандах нь учир дутагдалтай. Учир нь амьдралдаа зүгээр л нэг “сэтгэл хангалуун” байх эсэхээр хүмүүс өдөр тутмын амьдралаа үнэхээр аз жаргалтай өнгөрөөдөг эсэхэд дүгнэлт өгч болохгүй. Принстоны Их Сургуулийн Даниел Канеманн, нөхдийн хамт судалгаа явуулж, хүмүүсийн сэтгэл санааны хангалуун байдлыг хэмжихийн тулд тэдний сэтгэл санаа нэг өдрийн туршид хэрхэн өөрчлөгддөгийг сонирхжээ. Шинжлэх Ухаан сэтгүүлийн 6-р сарын 30-ны дугаарт нийтлэгдсэн уг судалгааны дүнгээс үзэхэд орлого, аз жаргалтай байх хоорондын хамаарал тун бага байгаа нь харагджээ. Канеманн, түүний нөхөд харин ч эсрэг буюу орлого ихтэй хүмүүс өдрийн ихэнхийг түгшүүр, стресс зэрэг сөрөг мэдрэмжтэй холбоотой үйл ажиллагаанд зарцуулдаг болохыг тогтоосон байна. Чөлөөт цаг илүү эдлэхийн оронд тэд ажилдаа хамаг цагаа зарцуулдаг ажээ. Тэдний өөрсдийн нь тодорхойлсноор тэд сэтгэл санааны хувьд түгшүүр, уур хилэн, айдас хүйдэстэй байдалд байх нь олонтаа гэжээ. Аз жаргалыг мөнгөөр худалдан авдаггүй гэдэгт нэмж хэлээд байх зүйлгүй нь тодорхой.


Шашны олон сургааль бидэнд эд материалын хүсэлд автах нь аз жаргалгүй болгодог гэж сургадаг. Бийтлз хамтлаг мөнгөөр хайр, дурлалыг худалдаж авахгүй гэдэг байв. Бид өдрийн хоолтойгоо байдаг нь махны наймаачдын сайхан сэтгэл бус, түүний хувийн сонирхолтой холбоотой гэдгийг сануулсан Адам Смит хүртэл хэдийгээр эд баялаг хүн төрөлхтний үйлдвэрлэлийн үйл ажиллагааг байнга дэмжин тэтгэдэг нь үнэн ч эд баялагаас хүртдэг гэх ханамж нь үнэндээ “хуурамч зүйл” гэсэн байдаг. Гэлээ гэхэд энд ямар нэгэн учир битүүлэг зүйл байх мэт. Яагаад засгийн газар бүр нэг хүнд ноогдох үндэсний орлогыг дээшлүүлэхэд тэгтлээ их ач холбогдол өгдөг билээ? Яахаараа биднийг илүү аз жаргалтай болгодоггүй мөнгөний хойноос бидний олонхи нь тэгтлээ тэмүүлдэг билээ? Энэ асуултын хариу бидний хүсэл, зорилготой бодьгал болохтой холбоотой байж болох юм. Бид хэдийнээс хоол, хүнсээ олох гэж хүнд хөдөлмөр эрхэлж, хань ижилтэй болж, үр хүүхдээ өсгөхийн төлөө тэмцэж ирэгсдийн үр сад билээ. Нүүдэлчин нийгмийн хувьд зөөж, нүүж болохооргүй эд зүйлсийг эзэмших нь утгагүй байсан бол хүмүүс суурин сууж, мөнгөний харилцаанд орсноор энэ хязгаарлалт үгүй болсон. Уг нь мөнгөн хуримтлалыг тодорхой хэмжээнд бий болгох нь хүнд хэцүү цагт хэрэг болж, хамгаалах үүрэгтэй байсан бол өнөө үед зөвхөн тэр нь эцсийн зорилго болж, хүний байр суурь, нэр төрийн хэмжүүр болж, аливааг үйлдэхийн гол шалтгаан болсон байна. Мөнгө хийх үйлдэл л хийвэл зохих цорын ганц зүйл болоод бүхний хэмжүүр болж орхижээ. Энэ дэвсгэр дээр Америкийн нэрт баян Уоррен Баффетийн амьдралыг авч үзье. Өдгөө 75 настай Баффет амьдралынхаа 50-аад жилийг эд хөрөнгөө цуглуулахад зориулжээ. Форбс сэтгүүлд мэдээлснээр бол тэрбээр 42 тэрбум долларын хөрөнгөөрөө Билл Гэйтсийн ард л орох тэргүүн баячуудын нэг. Эндээс түүний ихээхэн хэмжээний хөрөнгө, мөнгө зарцуулахдаа тэгтлээ дурладаггүй амьдралын хэв маяг нь харагдаж байна. Хэдий өглөгч зан гаргалаа ч түүнд асар их хөрөнгөөсөө өчүүхэн хэсгийг зарцуулахын тулд ихээхэн шахалт хэрэгтэй биз ээ. Энэ үүднээс үзэхэд Баффет эхний хэдэн тэрбумаа нэгэнт 1960-аад онд олоод авсан болохоор дахин хөрөнгө цуглуулахад хүч, хөдөлмөрөө зарцуулах нь огт утгагүй мэт санагдна. Баффет Адам Смитийн хэлсэнчлэн “хуурамч зүйл”-ийн золиос болов уу, эсвэл Канеманн болон түүний нөхдийн судалгаа илүү гүн гүнзгий учир холбогдлыг нээв үү?Тохиолдлоор Канеманны бичсэн өгүүллэг Баффет АНУ-ын түүхэнд гараагүй хамгийн том хандив хийснээ зарласан тэр долоо хоногт хэвлэлд гарсан юм. Баффет Билл болон Мелинда Гэйтсийн Санд 30 тэрбумыг хандивлаж, өөр хэд хэдэн сайн сананы санд 7 тэрбумыг хандивлажээ. Инфляцын төвшинг харгалзан үзсэн ч Эндрю Карнеги, Жон Д, Рокефеллер нарын хандив Баффетийнхэд хүрэхгүй байна. Баффет нэг цохилтоор өөрийн амьдралыг утга төгөлдөр болгов. Тэрбээр шашинд итгэдэггүй хүн тул түүний хандивыг хойт насанд олох ямар нэг ашигтай холбож үзэхийн аргагүй. Тэгэхээр Баффетийн амьдрал аз жаргал гээчийн талаар бидэнд юуг хэлнэ вэ?Магадгүй, Канеманны судалгаанаас үзвэл Баффет 1960-аад онд тэгтлээ их ажиллахаа больж, цуглуулсан хөрөнгөө ашиглан бридж тоглоход амьдралаа түлхүү зориулсан бол сэтгэлийн илүү эерэг ханамж олж, санаа амар байх байсан гэсэн дүгнэлтэд хүргэж болох мэт. Гэтэл ингэсэн тохиолдолд тэрбээр их хөдөлмөр, хөрөнгө оруулалтын гайхамшигт чадвараараа олсон хөрөнгө нь Гэйтсийн Сангаар дамжин дэлхийн хамгийн ядуу хэсгийнхнийг үхэлд хүргэх аюулт өвчнөөс гэтэлгэхэд тус болж байгааг үзэж, мэдрэхийн сайхныг эдлэхгүй байхсан. Тэгэхээр Баффет бидэнд аз жаргалд санаа амар байхаас арай илүү зүйл багтдаг гэдгийг сануулж байна.

Copyright: Project Syndicate, 2006

Tuesday, December 11, 2007

ӨӨРИЙГӨӨ ЗУРСАН ХАВАР

... Гадаа бүрхэг хэрнээ сэтгэл цэлмэг байх. Нэг л ялгуун аялгуу зүрхний гүнд дуулдахуй, би амрагаан санасан байжээ... Нутгийн минь зөөлөн салхи намайг үлээгээгүй удсан агаад тэр үнэрийг би зүүднээсээ олж авах нь сонин... Заримдаа их хотын энэ хөл хөдөлгөөн уйтай санагдаж, эзгүй зэлүүд алсад одохсон гэж хүсэх. Хүн төрөлхтөн яах гэж энэ суурин соёл иргэншил гэдэг зүйлийг зохиосон юм, яах гэж хэрэгжүүлж яваа юм… огтоос ойлгомжгүй. Гэвч олны бодож олсон зүйл олиггүй биш байх нь лавтай. Эсэн бусийн бодол эргэлдэнэ...
Над руу урин харц шидсэн эрчүүд аятайхан харагдавч бүгдийг өмчилж эс болох агаад орчлон ертөнцийн эгэл юмсыг эгэл биш болгож хардаг, эсвэл тэр эгэл юмсын цаана ямар нэгэн гун утга учир гэж байгаа даа хэмээн бясалгах адармаат бодлоон би яалтайв. Амьдралын сайн хийгээд муухайг мэдэрч явах шиг жаргал үгүй ч тэр бүхнийг эргэцүүлсээр нэг л мэдэхэд сульдах биеэн би яалтайв.

Ай даа, асгартал уйлмаар ч юм шиг, Алтайн цаст уулсдаа энэ холоос дуулдтал аялгуулан дуулмаар ч юм шиг яасан сүрхий гэгэлзүүр өдрөв дээ. ..Хачин их тогтвортой болчихсон сэтгэл маань хаврын цас бороо холилдсон энэ л өдрүүдэд хайлан оргилж байна. Эрчлэн хуйлрах энэ их эрч хүчээ л харин зөв зарцуулж, хэрэгтэй зүйлд нь зориулахсан. Яг л нэгэн цагт эзэн Чингис цөс ихт монголчуудын омгийг дэлхий нийт руу залж, хожмын биднийг сайн нэртэй үлдээсэн шиг ...


Хийх ажлаа их гэж бодох тусам ихсдэг юм байна гэсэн этгээд бодол төрөхүйеэ ажлаа их гэж хэн нэгэнд туних бус харин тэр ихийг чимээгүйхэн амжуулчихаад үлдсэн цаг хугацаандаа сэтгэл зүрхээ чагнан суух нь жаргал ч юм шиг. Монголд төрсөн минь азтай шүү. Чухам энд л төрсөн учраас салхины өнгийг мэддэг болж, сарны аялгууг мэдэрдэг байж, сайхан харцанд дурладаг, саар бүхнийг эргэцүүлдэг юм шиг ээ...


Хааяа хааяа хэнтэй ч хамаагүй биеийн жаргал эдэхсэн гэх адын бодол төрөвч, нүгэлт энэ орчлонг цагаан өнгөөр будахсан гэх их хүсэл маань дийлж ч байх шиг. Заримдаа шал утгагүй...


Амьдрал хэмээх энэ хөлгүй далайд Аз жаргал хэмээх сувд шүүрэх гэж тэмцэж ядан яваа бүсгүйсэн үү би... Аливаад ухаалаг байх тусам өгч буй хариу үйлдэл улам тэнэг болдог орчлонгийн хяслийг сөрж л явна даа. Эмзэглэл, энэрэл хайр, сэтгэлийн их хүч, сэрэл мэдрэмжийг минь ойлгодог хэн бүхэнд баярлалтай.


Тийм ээ, би өөртөө итгэлтэй, өөдрөг зорилготой нэгэн. Бас шар үстэй. Алтран туяарах нарны өнгөтэй энэ үс маань урам зориг өгч, урагшлах хүсэл тэмүүллийг минь хурцалдаг. Гэтэл тэр үсний өнгө тэрслүүд энэ монголчуудад тэс өөрөөр ойлгогддог. Ийм л адармаатай ертөнцөд би амьдарч байна. Сонирхолтой, хэцүү бас гэгэлзүүр... Хайрын бал дутуу санагддаг ч юм уу хааяа хааяа хачин жигтэй харцанд дурлах. Хамгийн сүүлд дурласан тэр харцнаас хойш харин нам гүм. Тэр харц технологийн даралтанд ороод намайг ширтэх завгүй. Ийм л элдэвтэй, бас эргэцүүлүүштэй орчлонд би амьдарч байна.


Инээмсэглэх, бас дуулах сайхаан. Хорин зургаатай бусгүй халамцуухан шиг дуулж байна гээд та төсөөл дөө. Хорвоогийн амьдралын утгыг таньж мэдэх гэж, хөл тэгшхэн, хонго хөөрхөн, хөх хэлбэрлиг тийм л нэг бүсгүй дуулж байна... Сэтгэлээс гарсан тэр аялгуу нь харин хэл ус мэдэхгүй хүнд тийм ч амар ойлгогдохгүй баруун нутгийн түрлэгтэй... Тийм л нэг бусгүй дуулна. Биенийх нь хэлбэр монгол гэж анзаарагдах ч араас нь харвал шар үстэй, эвлэгхэн биетэй европ бүсгүй...


Заримдаа өөрөө өөртөө дурлах нь зүгээр ч юм уу Өөрийгөө олж, таньж байж орчлонгийн ороо бусгааг сөрөхөөс хойш... Омголон хэрнээ ухаалаг, ойлгомжгүй хэрнээ хэрсүү тийм л нэг бүсгүй ажиллаж, амьдарч, дурлаж, хайрласаар явна...


Ай , хорвоо сайхан шүү...
2006.06.11

БЛОГ УНШИГЧ ТАНАА...

Аугаа их ухаантнууд л өмнөө зорилго тавьдаг. Бусад нь хүслээ дагадаг... Ертөнц биднийг яаж үнэлэх нь бид өөрсдийгөө яаж үнэлж байгаагаас шалтгаалдаг..., Та яг одоо хийж буй ажлаа түр орхиод сэтгэлээ чагна, Та наанаа зогсоод хаана явж байгааг олж мэд ... Үг гэдэг агуу... Бухимдсан өдөр өөрийгөө үгээр тайвшруулж, баяртай мөчид урмаар шагнуулах хичнээн сайхан. Өнөөдрөөс эхэлж өдөр бүр түр зогсон өөрийгөө хаана яваагаа мэдэх гэж сэтгэлээ чагнахын тулд, өөрийгөө үнэлэхийн тулд блог нээлээ.

Өмнө нь блог нээгээд л орхидог байв. Бас шинэчлэнэ гэж худлаа ярьдаг байв. Алдаагаа засна аа. Нэгэн танил маань эмэгтэй хүмүүс CV бөглөөд хэрэггүй, блог мэтээр өөрийгөө илэрхийлэх нь оновчтой санагддаг. Тэдний давуу тал бол их мэдрэмжтэй. Харин эрчүүд тэр бүр өөрийгөө илэрхийлж чаддаггүй... гэсэн нь үнэн ч юм шиг.