Friday, March 14, 2008

ӨЧИЛ...

Ганцаардах үед тань миний бичлэг таны сэтгэлийн хань байгаасай гэж хүснэ. Хөдөө байдагсан бол цас, бороо сөрөөд эсвэл өвс ногоо ургахыг ажин гэлдрэхэд тань, үгүй бол манантан бараантах Богд уулынхаа оройг ширтэж, мансуурах утаан дундах Улаанбаатарынхаа хөл хөдөлгөөн, дуу чимээнд ядран цухалдах ахуйд тань миний бичлэг таны цээжний хаа нэгтээ мөнгөн хонх адил жингэнэж байгаасай гэж хүснэ. Орчлонгийн хамгийн дорой нэгэн ч ингэж бодох болов уу гэж санадгийм...

Нэгэндээ захидал бичиж, эсвэл уулзаж элэгсэг дотно үг хэлэлцэх нь моодноос гарч эхэлсэн эринд бид амьдарч байна. Нүд нүдээ харалцахгүйгээр бичсэн месеж, нүүр нүүрэндээ хүрэлцэхгүйгээр хэлсэн үгс, итгэл сэтгэлээ нээхгүйгээр хамтарсан амьдрал дунд зүтгэсээр л явна. Өндөр хөгжилтэй улс гүрэн мэдээллийн дарангуйлалд автаж, эрдэмтэд нь атомыг дахин жижиглэх тухайд мөрөөдөж сууна. Буруу ч зүйл биш юм. Гэхдээ л....

Өдөр хоногийн утга учир юунд байдаг, амьдралын үнэ цэнэ гэж юу болох, гудамжаар алхаж яваа ганган хээнцэр хийгээд хээгүй даруу бүсгүй юу бодож явдаг хийгээд агаар, салхи, уул ус юу гэж шивнэдэг нь соёлт, дэвшилтэлт хүн төрөлхтөнд хамаагүй гэж үү? хэмээн гуниглан боддоог. Гэлээ ч Шекспир, Омар Хайам, Есенин, Ли Бай, Равжаа нарыг хүн төрөлхтөн мартах цаг өдий байна даа гэж бодох, итгэх дуртай юм аа би.

Монгол хэмээх агуу их гүрний Хэвлэл мэдээлэл хэмээх мундаг армийн жагсаалын цэрэг юм аа би. Нацагдорж, Равжаа, Явуухулангийн мөрөөн үлдээсэн Монгол эх нутаг дээр, баруун Алтайн их туульс дор уярч өссөний хэрэг юу билээ? :-) Арван дөрөвтэйдөө анх сэтгэл дэх учралаан ил гаргаж эвлүүлснээс хойш дахин 14 жил өнгөрчээ. Дэвтэрт буй, бас блогт орж буй бичлэгүүд минь хүүхэд болоод идэрхэн насны минь сэтгэлийн ноорог, энэ л цаг үеийн жаргал зовлон хосолсон ертөнц минь билээ. Замбараагүй бодол, хөглөрсөн их бичиг цаас, ажил дээрээ болоод гэрт орших цэмцгэрдүү хэрнээ оюунлаг ахуй....ерөөсөө залуу насны минь тухай тэмдэглэл юм.

Хүмүүсийн алга ташилтанд толгой эргэж, тэднээс олон олон захидал авч, хэн нэгний амнаас өөрийн тухай магтаал сонсож, харсан эрчүүл бүхэн хөлний тэгш, хөхний сайхныг магтах ахуйд танихгүй айлаас бяцхан охин чихэр өвөртлөөд гарах адил баярлан хөөрдөг бөгөөд үүнийгээ муу зүйл биш гэдэгт итгэдэг ээ. Энэ бүхэнд ойртуулсан, намайг найраг болоод нийтлэлийн орчинд оруулсан Суран багшдаа баярладаг аа. Төрсөн голомтонд минь түүх хууч, үлгэр домог, яруу найраг, хайр энэрлийн халуун гал бадарч, эдүгээ цагийн цөөн тооны сэтгүүлчдийн сайн сайхан бичлэгүүд сэтгэлийн минь ятгыг хөглөх шиг санагддаг. Тэд үгүйсэн бол би хэнсэн билээ?

Эмээгийнхээ зурагны дэргэд нулимс бөмбөрүүлэн суугаад сэтгэл зүрхэнд минь Эх орон, их нутаг, ард түмнээ гэх ИЖИЙ ХАЙР дахин мэндлэхийг мэдрэх хичнээн сайхан. Монгол минь үгүйсэн бол би ХҮН байхын хэрэг юусан билээ. Бичлэгээ баяжуулах, бийрээн барих шалтгааныг үүсгэж өдөөдөг хүн бүхэнд, юм болгонд БАЯРЛАЛАА гэж хэлье. Амьдралыг минь уян болгож буй, алхам тутамд түшин тулж буй дурлалт залуудаан баярлалаа.

Орчлонгийн хатууг зөөллөх гэж, гэрэл гэгээг нь өчүүхэн ч атугай нэмэх гэж холын замд гарсан гүнж билээ би. Энэ нь тийм ч амар хялбар зүйл биш ээ. Өсөх тусам бартаатай болдог уулын оргил юм. Цаст таван Богдын охин би юунаас шантрах билээ. Энэ л замын эхнээс буцах эрх, халшрах бодол хэзээ ч төрж байсангүй. Хэрэв тийм л аймхай байсан бол хайртыгаан тэвэрдэг, цэцэг тарьдаг, тэрлэг оёдог гартаа бичлэгийн хатан сумыг юу гэж анх атгаж, ган үзгийн хошуугаар үзэг цаас нийлүүлэхсэн билээ дээ.

No comments: