Saturday, April 19, 2008

ИТГЭЛ /Титэм үгээс/

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт. Хүүхэд залуус та нар юуны урьд өөртөө итгэлтэй бай. Санаандаа багтаасан бардам итгэлтэй хүн санасан зорьсондоо баттай хүрнэ. Үүнд эргэлзэх хэрэггүй. Итгэл үгүй бол амжилт үгүй. Итгэл дутуу бол амжилт мөн дутуу. Чадна гэсэн гүн итгэлтэй хүнд цаана нь гарах чадал эрч хуран хуримтлагдаж байдаг юм. Хүч чадвартаа итгэ. Өөрийгөө аль ч цагт дутуу дулимаг бүү үнэл. Би заавал чадна гэсэн итгэлийн дөлөө бадраан байж давшгүйг давж, гэтлэшгүйг гэтлэж, төсөөлшгүйг бүтээж, шинийг нээж, шилдэгийг туурвина. Чамд заяасан төрөлх ухаан, төгс чадвар, дотоод эрчим хүч яндашгүй дундаршгүй болохоор бүрэн итгэлтэйгээр зориглон, бүтээлч хичээлттэйгээр зүтгэвээс холын хол, хүрч чадахгүй мэт төсөөлөгдөж байсан өндөр оргилдоо мацан гарч магад дөнгөнө.Өөртөө итгэлтэй байх нь үнэхээр чухал. Түүнээсээ дутуугүйгээр бусдад итгэх хэрэгтэй. Хүнд итгэж явах их сайхан, хүмүүсийн итгэлийг хүлээнэ гэдэг бүр ч сайхан. Бусдад итгэдэггүй хүн өөрийгөө тарчлаан тамлаж, сэтгэлийн мөнхийн зовлонг эдлэж байдаг юм.

Итгэж дотноссон нөхөрсөг харилцаанаас илүү ариун барилдлага байдаггүй. Дарга байна уу, цэрэг байна уу нөхөрлөлд дээр дорын ялгаа хамаагүй. Нөхөрлөл эрх тэгш байдал, харилцан итгэлцлийг л эрхэмлэдэг. “Бидэнд найз нөхдийн туслалцаа хэрэгтэй гэхээсээ, түүнийг авах итгэл илүү чухал”. Итгэлт нөхрөөс үгээ хэзээ ч бүү нуу. Сэтгэлээ уудлан ярьсан яриа итгэлийг улам батжуулна. Ямар нэг зүйл нуугаад байгаа нь мэдрэгдэх мөртлөө үг яриагүй цэрвэж дөлөх нь гүн итгэлт нөхдийн халуун сэтгэл рүү үл итгэлцлийн хүйтэн салхи сэвэлзүүлэх осолтойг сана. Итгэлгүй хүнтэй үг бүү ярь. Өрцнийхөө чанадад далд хадгалах итгэж ярьсан яриаг ил гарган цацагч итгэлийг хөсөрдүүлэн шавхайд хутгана. Ийм итгэлгүй хүнээс их холуур дөлж тойрч яв. Итгэлийг хөсөрдүүлэгчтэй эргээд холбогдох хэрэггүй. Өөрөөсөө ч нуух нь холгүй нандин бүхнийг өөрт чинь итгэж хуучилсан бол өнө мөнхөд нууцлан нямбайлан хадгал. Бусдад огт хэлж болохгүй шүү гэж орь ганц чамд итгэн хэлсэн үгийг оготоно шиг чимээгүй хадгал. Ярьдаг оготоно байдаг гэж сонсоогүй биз дээ?За гэвэл ёогүй итгэлт хүмүүстэй заяа холбон хамтарч ажилла. Итгэлт хүмүүстэй гар сэтгэл нийлэн ажиллаж байгаа хүн төлөвлөснөө төвөггүй хэрэгжүүлж чадна. Нөхдийнхөө авьяас чадварт өчүүхэн ч эргэлздэггүй бол тэдэндээ бүрэн дүүрэн итгэх хэрэгтэй. Тэгэхдээ, “итгэ гэхдээ шалга” гэдэг зарчмыг орхиж болохгүй.

Шалгалтыг чинь амжилттай давж итгэлийг чинь олсон бат итгэлт нөхөддөө итгэл найдварыг бүрэн дүүрэн хүлээлгэ. Ийм нөхөд чинь өөрсдийн замаар явж, хүссэнээ чадварлаг хийж байхдаа жаргалтай байдаг юм. Тэрхүү аз жаргалыг тэнцүүхэн хуваалцагч нь мэдээж чи өөрөө. Бүтээлч хүмүүсийн амжилтын үндэс нь бүгдийг өөртөө итгүүлж чаддагт байдаг. Ажил хэргийн амжилтын оргилд хүрсэн хүмүүс өөрийн бодсон бодол, зорьсон зорилгодоо шууд итгэх эрмэлзэл тэмүүлэлдээ дүрэлзэн шатаж явдагийг би анзаарсан. Ийм итгэлээр жигүүрлэсэн хүмүүсийн өмнө бартаа саад, зовлон бэрхшээл тохиох боловч зогсоож чадах хаалт хориг байдаггүй юм. Тэд хийх гэснээ хийж, хүрэх гэсэндээ хүрч таарна. Байгаа бүхнийг тэр чигээр нь, үнэнээр нь улаан нүүрэн дээр нь хэлчихдэг хүн цөөн ч болов бий. Тийм хүмүүсийг үнэлэх хэрэгтэй. Эд нарт итгэж болно. Харин итгэлгүй хүний үгэнд бүү итгэ. “Таны алдааг илрүүлэгч дайсан түүнийг нуугч найзаас нэн илүү ач тустай” гэдгийг санаж яв. Бусдад итгэдэггүй хүн хардамтгай байдаг. “Хардамтгай хүмүүс жижигхэн зүйлийг том, одойчуудыг аварга хүмүүс, таамаглалыг үнэн болгож хувиргадаг тийм гаж дуран авайгаар цаг үргэлж дурандаж суудаг”.

Нэгэн ухаантан “Хардалт гэдэг бол ердөө омог бардамын тэнэг хүүхэд, эсхүл ухаангүй хүний өвчин юм” хэмээн тодорхойлжээ. Хардалтын тамлал нь хүмүүсийн тамлал дотроос хамгийн зовлонтой нь бөгөөд түүнийг учруулж буй хүнд өрөвдөх сэтгэл бүхнээс бага байдаг гэнэ. Хардалтын хорыг тайлагч шидэт ерөндөг нь итгэл билээ.Бусдад итгэхийн хамт бусдын итгэлийг найдвартай дааж амьдар. Хүн төрөлхтний түүх итгэл алдсан, итгэлийг хөсөрдүүлсэн, итгэл эвдсэн балгаар хэтэрхий баялаг. Итгэж найдаж явсан хүн нь итгэлийг эвдэн найдварын галыг бөхөөх нь үнэхээр аюултай. Итгэл алдах шиг муухай зүйл үгүй. Итгэл алдах нь дүрэлзэн бадарч байсан сэтгэлийн халуун гал руу хүйтэн ус, нойтон элс цацахтай адил. Итгэлийг буруугаар ашиглах нь итгэл алдахаас дутуугүй хортой. “Хамгийн зэвүү хүрмээр гэмт хэрэг бол нөхрийнхөө итгэлийг хортойгоор ашиглах явдал мөн”. Хүмүүс хэнд илүү итгэдэг вэ? Үнэнч хүн бусдын итгэлийг хялбархан олдог. Худал хуурмаг явдалтай хүн бусдын бат итгэлийг хүлээдэггүй. Шударга хүмүүс итгэл илүү хүлээдэг. Шударга бус хүнд итгэх нь чононд хонь хадгалуулсантай л адил. Итгэл даадаг хүн бүхнээс илүү үнэлгээтэй. Итгэлт хүндээ хамгийн чухал ажлаа даатгадаг нь хаа газрын нийтлэг ёс. Бусдын итгэлийг найдвартай хүлээнэ гэдэг хүнд өөрт нь байгаа зүйрлэх аргагүй үнэт баялаг. Хуурамчаар итгэгдэх шиг хуудуутай явдал үгүй. Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”. Чиний амьдралд хамгийн ойр дотны хүмүүс хэн бэ? Мэдээж хэрэг гэр бүлийнхэн чинь.

Хамгийн ойр дотны хүмүүстээ, өөрөөр хэлбэл гэр бүлийнхэндээ хамгаас илүү итгэх нь хамаагүй ухаалаг зан гэдгийг мэдэж ав. Итгэлт найз нөхдөөсөө үнэнийг сонсохыг бүү төвөгшөө. “Бүр найз нөхдөөсөө ч үнэнийг сонсохыг хүсдэггүй тийм дүлий годил найдваргүй” гэж хэлсэн ухаантны үг нэн сургамжтай. Ийм найдваргүй дүлий годил болчихгүйг хичээх нь онцгой чухал шүү. Өгөө авааны зарчим дээр бус үнэн сэтгэлийн итгэл дээр суурилсан үерхэл нөхөрлөл бат бэх, баттай найдвартай байна. “Баялгийг олж авахын тулд чамтай нөхөрлөх болсон тэр хүн чиний итгэлтэй найз биш, харин хамгаас аюултай дайсан байдаг”-ийг тань. Гагцхүү өөрийн хэргийг бүтээхийн тулд үнэг шиг зальдаж, хануур хорхой мэт наалдах олиггүй нөхдөд итгэлийн хаалгаа нээж өгвөл хожмын өдөр харамсаж үл барах хохирлыг амсана. Тэднээс болгоомжил. Итгэж үл болох нөхөрт дахин давтан дөнгүүлэх нь итгэмтгий хүний зан гэхээсээ дээд зэргийн хариуцлагагүй явдал гэдгийг ухаар. Найдваргүй гэдэг нь танигдсан, итгэх аргагүй хүн үүрдийн нөхөр чинь биш, зуурдын замын хань байсныг хожимдоогүй байхдаа ойлгож, зайгаа барин холд. Итгэл даадаг хүмүүс урамтай. Итгэл даадаг учраас би тэднийг үнэлдэг юм. Хүний итгэл дуусашгүй. Итгэл хамгийн сүүлд үхдэг гэсэн үг ч бий. Итгэл барагдан цөхрөх үе хүнд тохиож болох. Гэхдээ л итгэлийн үндэс нь хэзээд амьд үлддэг юм шүү. Үндэс нь үлдсэн болохоор дахин тордоод өгвөл итгэлийн турьхан яргуй цэцэг хатуу хөрсийг нэвтлэн цасан дороос цухуйх болно. Чамд үлдсэн хүсэл эрмэлзэл, итгэл найдвар чинь амжилтын замд хөтлөх бас нэг шинэ эхлэл байдагт итгээрэй!

**************************************
Хүмүүс ээ надад урам хайрла
Хүсэл зоригийг минь бадраах
Халуун дулаан итгэл хайрла....

6 comments:

nayanaa said...

миний найз юу болоод ингэтлээ итгэл алдарсан зүйл бичээ вэ? найз нь чиний итгэлийг алдчихсан юм боловуу гэж бодоход хүрлээ.Гомдоож, гайхшируулсан зүйл хийснээ мэдээгүй яваа ч юм билүү. Сэтгэл дотроос чинь түлхэн гарсан эдгээр үгс үнэхээр үнэн шүү. Итгэл төгс хүн гэж үгүй. Хүний хорвоо аймшигтай болж байна. Гэхдээ сайхан цаг ирнэ.

Anonymous said...

shan bichleg bnaa. iim bichleg olniig oruulaal baigaarai amjilt!

Anonymous said...

amjilt!

Жаргал said...

Хуурамч итгэл олсон зальтан хамгийн эгзэгтэй мөчид хамгийн хортойг үйлдэн холдон зайлна. Итгэсэн нөхөр инээсэн дайсан болох шиг аюултай зүйл байхгүй биз ээ. “Итгэл эвддэг найз хамгаас аюултай дайсан”.

гэж хэлсэн байх юм. Гэвч..

Anonymous said...

Дандаа араасаа паялнакдуулж явах санаатай юм байх даа. Өөрөө асаж гэрэлтээд яваач эээээ.

ofiliajafari said...

JCM HUB | Casino, Spa and Resort in Las Vegas, NV
With over 4,000 광양 출장샵 of 이천 출장샵 your favorite Las 대구광역 출장안마 Vegas 부천 출장안마 games, including: Wheelchair Casino with hot tubs, a $50 table and a 전라북도 출장샵 Jacuzzi with a new game, JCM HUB is a Wedding