Thursday, December 20, 2007

Эмээ бид хоёр...


Энэ зурган дээрх хөөрхөн охин бол би. Эмээтэйгээ хоёулаа байгаа нь. Саяхан цомгоо үзэж байтал гарч ирэхээр нь сонин санагдаад, бас бага насаа санаж өөрийнхөө зурганд хайр хүрч байгаа гэж жигтэйхэн

Зургаан настай байсан. Эмээ бид хоёр бүүр хөдөө бригадын төв дээр мал маллаж амьдардаг байсан агаад өвөлдөө хоёулаа аймгийн төв орж ирээд байгаа царай нь энэ. Байшинд бөгчимдөөд эмээгээ бушуухан хөдөө гэртээ харъя гэж "шаналгадаг" байж билээ.

Ямар ч жаргалтай байсан юм бэ дээ, одоо бодоход... Ээж маань хань татаад намайг авч үлдэх гэдэг боловч түүнийг ажилдаа явсан хойгуур хоосон байранд цоожлуулж үлдэхээс зугтаад огт зөвшөөрдөггүй байж билээ.

Миний эмээ дууч хүн байсан
Би мөн л зургаан настай байсан юмдаг. Нэг өдөр айлын хуриманд эмээ маань уригдав аа. Мал хуйгаа харах хүнгүй байсан учраас би яалт ч үгүй үлдлээ. Шөнө боллоо. Би айж байсан боловч угийн гүргэр зангаараа лаагаа асаагаад, галдаа аргал өрдөөд, аймгийн төвөөс ээжийн явуулсан, морь унасан хоёр хүүхдийн зурагтай, хатуу хавтастай номоо үсэглэж, зургийг нь харж сатаарч суулаа. Цаг нэлээн оройтсон байх. Алсаас уртын дуу аялсан эршүүд хоолой морин төвөргөөний хамт сонсогдож, удалгүй эмээ гадаа ирэв. Тэр үед эмээ маань 70 гаруй настай, тэнхлүүн хөгшин байлаа. - Миний шар охион? Эмээгээ буулгаарай... Би баярлан гарахдаа гутлаа өмсөхөө мартжээ. Зуны шөнийн чийглэг зүлгэн дээр хөл нүцгэн гишгэх тэр мэдрэмжийг та ямар гэж санана. Бас эмээгээ хараад баярлан хөөрсөн, санаа зовохоосоо илүү чихэр горьдсон тэр харцыг та бүүр таашгүй. Эмээ нэлээн халжээ.
... Гэртээ орж ирлээ. Нээрээ зөндөө гоё чихэр авчирсан байлаа. Би эмээдээ хийсэн хоолоо гаргаж халаах гэтэл : - Ишш, миний охин тусад оржээ. Сүрхий хүүхэн шүү. Ажилтай, ухаантай сайн хүн болно доо. Тэр үед миний зэрэмгэр цагаан охиныг хүмүүс яасан их хүндлэх бол... гээд, би түүнд нь онгирч байгаа гэж жигтэйхэн. Тэр зураглалыг хальснаа буулгаж үлдээсэн бол ямар их хайр энэрэл, бас ямар их өнчрөл хагацал, бас ямар их хатуужил тэвчээрийг хадгалж үлдэх байсан бол.... Эмээ надад тэр орой урианхайн богино уртын дуу зааж өглөө

Харуул Алтайн ус нь
Хадыгаа дагаж урсана
Хан буурал аавм /аав минь/
Манийгаа гэгожэ суунаа л /Намайг гэсээр сууна л /....
Богинохон атлаа эрс тэс шуранхайлсан энэ дууг би нутгаа санахаараа, эмээгээ санахаараа аялдаг юм. Аялахын учир би хотын байшин дунд байгаадаа тэр. Хаашаа ч харсан хэдэн байшин, утаан хөшгөн дунд чанга дуулах аваас миний урианхайн их шуранхай уусан одох мэт харам төрнө... Тэрнээс биш чанга дуулалгүй яахав.

Миний эмээ үйлч байлаа
Их сайхан оёно доо эмээ маань. Түүний ач тус нь хэдхэн хоногийн өмнө хүртэл гарав. Би энэ жилийн шинэ жилээр үдэшлэгт өмсөх плажаа өөрөө оёсон юм. Интернэтээс плажны загвар харлаа. Оллоо. Өөрөө эсгэлээ. Ажил зөндөө их байсан ч 2 өдөр шөнө нойргүй шахам байж оёлоо. Оёдлын машинтай байсан бол арай л эрт дуусах... Бүгдийг нь гараар оёсон. Ямар таашаалтай байв аа. Эмээгээ бодон бодон учиг сүвлэн суухдаа өвлийн шөнө миний хажууд дэнгийн гэрэлд гутлын минь ханзархайг нөхөн суусан, ажилд эвэршсэн хатуухан, бахим хуруунууд харагдах шиг... гэгэлзэн гэгэлзэн уйлан уйлан суулаа. Ямар ч сайхан байжив дээ, тэгэхэд...

Эмээгээс үлдсэн бодол...
Эмээ мундаг аа. Өвдөнө гэж байхгүй. Ная насалж, бурхны оронд одох хүртлээ нэг ч шүд нь унаагүй тийм сайхан хүн байж билээ. Үеийнх нь хөгшчүүл юм идэхдээ амаа муруйлган хачин жигтэй улаан буйл гаргахад, эсвэл ёрдойсон 2-3 шүд гарган хооллоход би татаж унатлаа хөхрөөд эмээд загнуулдаг байж билээ. Надад шүдгүй хөгшүүл үнэхээр элэг хөшөөм харагддаг байсан. Яагаад гэвэл миний эмээ хөгшин мөртлөө бүтэн шүдтэй учраас тэр шүү дээ.

Сургуульд сураагүй мөртлөө орос хэлтэй гэж байгаа. Үгийн язгуур, өгүүлбэрийнх нь бүтэц зохион байгуулалт нь зөв атлаа хэлэхдээ жаахан хазгай ярина. Тэрнийг нь би их шоолно оо. Өөдөөс эмээ маань - Би та нар шиг ингэж заалгаж сурсан бол лав Ерөнхий сайд болчихсон байхгүй юу гэж хошигноно. Сүүлд Монгол улс зах зээлд шилжсэнээс хойш нэг удаа эмээ- Би өдийд ядаж 60 настай байсан бол бизнес гэж юу байдгийг энэ нутгийнханд нэг харуулахсан ..гэж шүүрс алдаж билээ. Эмээ тэгэхэд 80 дөхчихсөн байлаа.

Сэтгэлийн хатан тэвчээр гэж чухам эмээд маань байлаа. Алтан хэвлийгээсээ 11 хүүхэд гаргасан гэдэг. Амьд сэрүүн байгаа нь 5, үлдсэн нь бурхан болсны нэгээс бусад нь хүү байжээ. Өвөө маань тэр үеийн сэхээтэн байсан, ажил алба гэж их явдаг байсан учраас ар гэрийн бүхий л ажлыг эмээ амжуулна. Ажил хийхдээ дуртай гэж жигтэйхэн. Яг энэ чанарыг нь би өвлөсөн юм шиг байгаам. Ямар ч хэцүү ажлыг дуртай, сонирхолтой болгож хийхийг хүсдэг. Ингэсэн тохиолдолд тэр ажлын цаана гарах юу ч биш санагддаг аа

Эмээд маань хийж чадахгүй, хэлж мэдэхгүй ажил, үг гэж байхгүй дээ. Жигтэйхэн цэцэн цэлмэг, бас их эрэмгий зоригтой хүн байсан. Орчин тойрныхондоо их нөлөөтэй. Хөдөөний хүн атлаа цаг үеэсээ хоцрохгүй. Хоёрхон жишээ авъя л даа.
- 1988 он. Эмээгийн толгой наранд их халдаг, би өдөрт хэд хэдэн удаа шанагаар булгийн хүйтэн ус хийж өгдөг байлаа. гадаа сууж ааруул хийхдээ, арьс элдэхдээ, бас айл хэсэхдээ эмээ байнга шүхэр /зонтик/ барина. Цэнхэр өнгөтэй, жижигхэн жижигхэн цэцэгтэй нарны шүхэр их гоё харагддаг байж билээ. Хөдөөний зарим нэг хэрэгт дуртай авгай нар эмээг маань битүүхэн шоолдог байсныг би санаж байна. Нэг удаа ичээд эмээгээс та хөгшин хүн байж зонтик битгий барь аа гэхэд эмээ - Үүнийг чинь гоёх гэж биш эрүүл мэндээ хамгаалах гэж хэрэглэдэг юм шүү дээ гэж билээ.

- Хөдөөний хөгшид зуны халуунд ч тэрлэгтэй байдагсан. Харин эмээ болохоор өөрөтө гоё плаж хийж өмсөнө, бас болоогүй сийрсэн сандаалаар гоёно. Дал гарчихсан, дээлтэй хэдэн хөгшчүүлийн дунд эмээ тавин хэдтэй юм шиг залуухан харагддаг байж билээ. Тэд цайнд ааруул дэвтээн идэж байхад эмээ хажууд нь өөхтэй мах алаглуулан хөшиглөсөн шигээ.... инээж хуучлаад л... Үнэн тэнгэрлэг харагдана даа...

Яриад байвал тоймгүй... Үргэлжлүүлж бичнэ ээ.
Нэг л зүйлийг боддог юм. Би эмээгийн насан дээр тийм байж чадах болов уу гэж. Гэхдээ би саак эмээ болно оо... Яагаад гэвэл тийм мундаг эмээгийн охин муу явж болохгүй...
/сэтгэл сэмрээд, уйлмаар.../

4 comments:

Unknown said...

Emee uvuu deer osson hyyhed ih hersyyn uhaantai, ajilch hicheengyi, sergelen tsovoo osdog gej ynen yum.
Bichsen zyilsiig unshaad emeegiin min dyr zurag ooriin erhgyi setgeld buuj bn. Yagaad bidnii emee, uvuu iim saihan setgeltei, tenheetei, uhaantai bsan yum bolov oo. Odoogiin mongolchuud emee uvuu bolood ach,guch, zee, zeentser naraa bidniig osgoson emee, uvuu shig holch uhaan, amidraliin avhaalj, hyneleg saihan setgeltei bolgoj bolgoj chadah bolov uu da?

Alamj said...

халуун дулаан сэтгэлийн гүнээс ухаарлын гэгээ цацруулсан гэрэлтэй сайхан дурсамж байна, үлдэж хоцрох үр ач минь гээд амин зүрхний хайраа харамгүй зориулж явсан эмгэн буурай ижийдээн зориулж үгийн гантигаар хөшөө босгожээ. энгийн атлаа эгэлгүй их энэрэл хайранд өлгийдүүлж өссөн ухаант хүний үр чи сайн явнаа

Гүнжээ said...

Тийм ээ, эмээгээ санах бүр надад сайхан дурсамж төрдөг юм. Чин сэтгэлийн үгээ харамгүй хайрласан Базраа эгчдээ, орчлонгийн цагаан зовлонг ардаа нуун огоорох жаргалыг угтан амьдарч яваа надад ухаарал хайрласан Alamj танд баярлалаа.
Энэ бичлэгээ үргэжлүүлсээр байх болно. Миний амьдралд зөндөө сайхан дурсамж бий. Та нартайгаа хуваалцахад сэтгэл онгойх шиг болдог оо...

Anonymous said...

Өнгөрснийг дурсаж өнөөдөртөө сургамж болгомж амьдрана гэдэг амьдралын жам байх,
Өргөж өсгөн эмээгээ үргэлж сэтгэлдээ дээдлэх нь хүмүүний амьдралын жам байх,
Өөрөө хөгширч эмээ болох тухай харин одоо бодох арай эрт байх, өөдрөг сэтгэлээр амьдралдаа ханддаг нь чиний үзэл байх